“Сүү” ХК бүх бүтээгдэхүүнийхээ үнийг 100 төгрөгөөр нэмсэн шалтгаанаа улирлын чанартай хэмээн тайлбарлав. “Жилийн энэ үед сүүний нийлүүлэлт буурч, түүхий эдийн үнэ өссөн учраас бүх төрлийн сүү, тарагныхаа үнийг 100 төгрөгөөр нэмсэн” хэмээн тус компанийн Олон нийтийн харилцааны менежер Д.Хулан ярьлаа. Ингэснээр жижиглэн худалдаанд “Элекстр” сүү 750, нэг литрийн тараг 1600 орчим төгрөгийн үнэтэй болов. Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь зөвхөн тус компани биш. “MCS Coca Cola” компани ундааныхаа үнийг тус бүр 100 төгрөгөөр нэмжээ. Тус компанийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн холбогдоход “Үнээ нэмсэн нь үнэн. Харин шалтгаан нь компанийн хувийн нууц” гэв. Ямартай ч “Хүслийн ундаа” 600, “Бидний ундаа” 980, “Түмний ундаа” 1440 төгрөгийн үнээр үйлдвэрээсээ гарч байгаа аж.
Ж.Тэгшээ