Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ачаалал даах чадвартай, 700 000 төгрөгийн цалинтай сувилагч хайж байна

2022-08-04

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн сард 10 сувилагч ажилд авахаар зар гаргажээ. Мөн Цэргийн төв эмнэлгээс зургадугаар сард 11 сувилагч авахаар нээлттэй ажлын байр зарласан байна. Томоохон эмнэлгүүд энэ мэтээр сувилагчийн эрэлд гарч, ажлын байр зарлаад ч амжилт төдийлөн олохгүй, хүний нөөц хомсдолтой хэвээр байгаа аж. Сувилагч хомс болохоор ажлын байранд тавих шаардлагуудаа ч хөнгөлснийг цахим сүлжээнд цөөнгүй иргэн хөндөх болов. Зөвхөн томоохон эмнэлгүүд бус, анхан, дунд шатанд, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ч сувилагч дутагдалтай гэнэ. Ер нь аль ч эмнэлгийнхнээс тодруулахад сувилагч хомсодсоныг үгүйсгэхгүй байлаа. Гэхдээ яг хэдэн сувилагч дутагдалтай, уг асуудлаа яаж шийдэх, хүний нөөцөө хэрхэн бэхжүүлэх зэргийг тодруулахад “Эмнэлгийн нэр хүндэд муугаар нөлөөлнө” гэж дургүйцэх юм. Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн “Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон. Энэ нь тодорхой хэмжээний өрсөлдөөн үүсгэж байгаа. Гэтэл манайх төдөн сувилагч дутагдалтай байна гэхээр үйлчлүүлэгчдийн итгэл алдарна. Сувилагч дутагдалтай байгаа нь үнэн ч нарийвчилсан тоо хэлэх боломжгүй” гэв. Хүний нөөцийн хомсдолоо нөхөх, улмаар асуудлыг үндсээр нь шийдэхийн тулд уг нь нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тодорхойлох учиртай. Гэтэл эмнэлгийнхэн нэр төрөө бодоод, мэдээллээ ийн нууцлах нь хэнд ашигтай вэ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистик мэдээллээр бол манай улсад өдгөө 13 473 сувилагч ажиллаж байна. Эмч нарын тоо үүнтэй ойролцоо буюу 12 970 байгаа юм. Үндсэндээ манай улсад нэг эмчид нэг сувилагч л ногддог. Харин олон улсын стандартаар бол нэг эмчид гурван сувилагч ногдох ёстой аж. Гэтэл манай эмнэлгүүдэд нэг сувилагч 2-3, зарим нь 4-5 хүний ажлыг хариуцах нь ч бий гэнэ. Ялангуяа өрхийн эмнэлгүүдэд сувилагч асар их дутагдаж буй. Тухайлбал, нийслэл дэх өрхийн эмнэлгүүдэд нэг сувилагч 2500-2700 иргэнд үйлчилдэг. Хүн ам олонтой хороон дахь өрхийн эмнэлэгт уг тоо илүү өндөр байх магадлалтай. Гэтэл олон улсын жишгээр өрхийн эмнэлгийн нэг сувилагч 1500-2000 хүнд үйлчлэхийг хэвийн үзүүлэлт гэж тооцдог гэнэ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажилладаг нэгэн сувилагч “Ихэвчлэн хоёр хүний, зарим үед гурван хүний ажлыг амжуулдаг. Уг нь эмнэлгийн удирдлага хүний нөөцөө сайжруулна, сувилагч нэмж авна л гэдэг юм. Гэхдээ сувилагч хийхээр ирдэг хүн тун ховор шүү дээ. Ялангуяа залуус сувилагчаар ажиллах нь ховорджээ. Хэдий тийм боловч тэднийг буруутгах аргагүй. Маш их ачаалалтай хэрнээ хөдөлмөрийн үнэлэмж багатай энэ ажлыг яаж сонгох билээ” хэмээсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтийнхэн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометр” судалгааг тогтмол хийдэг. Тус байгууллагын гаргасан тооцооллоор бол манай улсад энэ онд 858 сувилагч дутагдалтай байна. Тэдний дийлэнх буюу 760 нь ерөнхий мэргэжлийн сувилагч. Бусад нь халдварт өвчний, хавдрын, эрчимт эмчилгээний, мэс заслын зэрэг нарийн мэргэшил шаардсан орон тоо байна. Уг институтийн судалгаанаас үзвэл, манай улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн 10 жилд сувилагч тогтмол хомсдолтой байжээ.

Засгийн газраас 2020 онд 70 дугаар тогтоол гаргаж, сувилагч мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг 70-100 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь сувилагчдыг олноор нь бэлтгэх, цаашлаад ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилготой. Гэхдээ энэ нь зөвхөн төрийн өмчийн буюу АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд л суралцсан тохиолдолд эдлэх хөнгөлөлт. Үүнээс гадна хувийн хэвшлийн 10 гаруй сургуульд сувилахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг аж. Эдгээр сургуулийг жил бүр 500 орчим оюутан сувилагч мэргэжлээр төгсдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, манай улсад сувилахуйн мэргэжилтнийг хангалттай хэмжээнд, чанартай бэлтгэдэг. Гэсэн ч сургуулиа төгссөн оюутнуудын тал хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй. Бас зарим нь 1-2 жил мэргэжлээрээ ажиллаад л өөр чиглэлээр, тэр дундаа эмч болохоор суралцах нь элбэг гэнэ. Эсвэл гадаадад ажиллахаар явдаг гэх. Үүнд хөдөлмөрийн үнэлэмжээс гадна сувилагч мэргэжлийг хүмүүс үнэлдэггүй, эмчийн туслах гэж ойлгодог нь ч нөлөөлдөг юм байна.

Яагаад сувилагчийн хомсдол үүссэн, сүүлийн 10 гаруй жил үүнийг ярьж байгаа атал шийдээгүй өдий хүрсэн шалтгааныг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ч.Нарантуяагаас лавлахад “Хамгийн гол нь хөдөлмөрийн үнэлэмж шүү дээ. Сувилагч нарын цалин нь зэрэг, ажилласан жилээсээ хамаараад харилцан адилгүй байдаг. Хамгийн өндөр нь нэг сая төгрөгт ч хүрдэггүй. Өнөө үед ийм хэмжээний цалингаар яаж амьдрах вэ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ яаж өсөж байгаа билээ. Тиймээс сувилагч нар арай илүү цалинтай өөр ажил хийх нь ихэссэн. “Цалин ахиу, өөр чиглэлийн ажил хийснээр ядаж л ачаалал, хариуцлага хөнгөрнө. Хүний амь нас хариуцахгүй болно” гэж сувилагч нар ярьж байна. Тиймээс төрөөс бодлогоор үүнд анхаарч, цалинг нь нэмэх хэрэгтэй. Уг нь бид өнгөрсөн оны долдугаар сараас цалинг нь нэмүүлэх шаардлага тавьж, жагсаал, цуглаан ч хийж байлаа. Гэсэн ч үр дүнд хүрээгүй. Тиймээс ямар гарц байгааг холбогдох байгууллагууд, тэр дундаа ЭМЯ-тай хамтран судалж, шийдэл олох төлөвлөгөөтэй” гэв.

Манай улсад өдгөө сувилагч нарын дундаж цалин 790 000-850 000 төгрөг аж. Энэ нь дэлхийн дунджаас 10 дахин бага үзүүлэлт гэдгийг өнгөрсөн тавдугаар сарын 12-нд буюу Олон улсын сувилагчдын өдрөөр зохион байгуулсан “Сувилагчид ээлтэй Монгол” чуулганы оролцогчид онцолж байв. Тэгвэл сувилагчийн цалин хэд байх ёстой талаарх судалгааг дээрх холбооныхон дөрвөн жилийн өмнө хийжээ. Монголд сувилагчийн цалин 1.6-2 сая төгрөг байх ёстой гэсэн тооцооллыг уг судалгааны үр дүнд гаргасан аж. Түүнээс хойш судалгаа хийгээгүй гэнэ. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал дөрвөн жилийн өмнөхөөс нэлээд өөрчлөгдсөн учраас цалингийн хэмжээ ч дээрх дүнгээс нэмэгдэх нь ойлгомжтой гэдгийг Ч.Нарантуяа онцолсон. Түүнчлэн энэ онд багтаан сувилагч нарын цалингийн судалгааг шинэчлэн хийхээр төлөвлөсөн гэв.

Олон улсад есөн сая сувилагч дутагдалтай гэсэн дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн манай улсад төдийгүй бусад оронд ч сувилагч дутагдалтай гэнэ. Тиймээс монгол сувилагч нар гадаадад ажиллах, ялангуяа хөдөлмөрийн үнэлэмж өндөр Япон, БНСУ, Герман зэрэг улсыг зорих нь түгээмэл болжээ. Яг хэдэн сувилагч ийм маягаар дотоод, гадаадад “дайжсан”-ыг тодорхойлсон тооцоо, судалгаа холбогдох байгууллагуудад алга. Өмнөх 10 гаруй жилийн турш ярьсан шигээ “Сувилагч дутагдалтай, хэрэгтэй байна” гэж улиглахаас биш, дорвитой шийдэл олсонгүй. “Сувилагчид ээлтэй Монгол” чуулганы үеэр ч дээрх асуудлуудын шийдлийг дорвитой хөндөж, хэлэлцэж чадаагүй юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар зохион байгуулсан эл чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг зэрэг дарга “Цар тахлын үеэр сайн ажилласан сувилагч нартаа баярлалаа” хэмээн “уянгалах”-аас хэтэрсэнгүй. Үүнд оролцсон сувилагч нар ч чуулган зохион байгуулсан дарга нарт талархал илэрхийлсээр өндөрлөсөн. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш эмч, сувилагч нарынхаа цалинг нэмж байна. Санхүүжилтийн эл тогтолцоо нь сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдэх гол гарц” хэмээж байлаа. Гэсэн ч бодит байдалд сувилагч нарын цалин бага, ажлын нөхцөл хүнд хэвээрээ.

Энэ байдлаараа алгуурлан хандаж, гал унтраах төдий аргалж, хурал, чуулган зохион байгуулах, улс төрийн оноо авах ажил болгосоор байвал Монгол Улс удахгүй сувилагчийн гүн хомсдолд орох нь. 13 000 гаруй сувилагчийг нэгтгэсэн Монголын сувилагчдын нийгэмлэгийнхэн өнгөрсөн хавар 21 аймагт “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Үүний хүрээнд сувилагч нарт ямар асуудлууд тулгарч байгааг тодруулж, шийдэл, гарцыг тодорхойлохыг зорьсон аж. Юуны өмнө сувилагч нар ажлын ачаалал их байгааг онцолжээ. Сувилагч өдөр 25-30, шөнө 40-50 хүнд үйлчилж буй гэнэ. Тэд өвчтөнүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна олон төрлийн бичиг баримт бүрдүүлж, бөглөхөд ихээхэн цаг зарцуулдгаа дурджээ. Тухайлбал, нэг сувилагч өдөрт 32 төрлийн баримт зайлшгүй хөтөлдөг нь ачааллыг улам ихэсгэдэг, улмаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас 4-5 цагаар илүү ажиллахад хүрдэг гэсэн байна. Сүүлийн үед олон улсад сувилахуйн тусламж, үйлчилгээтэй холбоотой шинэ техник, технологи цөөнгүйг нэвтрүүлээд байхад манайд тэдгээрийг огт ашиглахгүй байгааг сувилагчид бас шүүмжилжээ. Хамгийн хүндрэлтэй асуудал нь цалингийн хүртээмжгүй байдал гэсэн аж. Улсын хэмжээнд сувилагч нарын 98 хувь нь цалингийн зээлтэй, өөрийн гэсэн орон сууцтай нь тун цөөн гэдгийг тус нийгэмлэгийнхэн ярьж байна. Учир нь орон сууцын зээлийн урьдчилгаа төлбөр хуримтлуулахад тэдний цалин хүрэлцдэггүй. Хуримтлуулах байтугай өдөр тутмын амьжиргааных нь зардалд ч хүрдэггүй гэнэ.