Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85 624 тоннд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Эл өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд махны экспортын борлуулалтын орлого 345.3 сая ам.доллар болж, дээд хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн онд экспортолсон нийт махны 34 653 тонн нь адууных, 22 528 тонн нь боловсруулсан байжээ.
Манай улсын экспортын махны хамгийн том худалдан авагч нь БНХАУ бөгөөд нийт зах зээлийн 62 хувийг эзэлдэг. Харин экспортын махны 22 хувь нь Иран, Ирак зэрэг оронд ногдож буй. Цар тахлын улмаас буураад байсан махны экспорт сүүлийн хэдэн жилд эрчимжсэнийг салбарын яамныхан нь онцолсон. Тухайлбал, 2020-2022 онд экспортын хэмжээ дунджаар 45 хувиар буурч, 2022 онд 16 мянган тонн болтлоо багассан аж. Харин 2023 оноос эхлэн экспорт огцом сэргэж, 80.4 мянган тоннд хүрсэн нь цар тахлын дараах түүхэн дээд үзүүлэлт болжээ. Цаашид махны экспортыг нэмэгдүүлэх, нэр, төрлийг нь өргөжүүлэх чиглэлээр тухайн яаманд дөрвөн ч ажлын хэсэг байгуулсан гэнэ.
Ч.Туяа