Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” (Colors of white rock) бүтээл “Трибека” (Tribeca) олон улсын кино наадмын уралдаант хэсэгт албан ёсоор шалгарчээ. “Ай си ти филмс”-ийн бүтээл болох эл кино АНУ-ын НьюЙорк хотноо ирэх зургаадугаар сарын 3-14-нд тус наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох юм.
Өмнө нь Британийн нэр хүндтэй “Grierson аwards”-аас шилдэг богино хэмжээний баримтат киноны шагнал хүртсэн уг бүтээлд Монголын говь нутагт нүүрс тээвэрлэж буй эмэгтэй жолоочийн амьдралыг өгүүлдэг. Хатуу ширүүн уур амьсгал, уул уурхайн бүс дэх хүнд хэцүү нөхцөлийг үзэгчдэд биеэр туулж буй мэт бодитоор дүрсэлсэн нь олон улсын шүүгчдийн анхаарлыг ихэд татдаг аж.
Хойд Америкийн төдийгүй дэлхийн нөлөө бүхий наадмуудын нэгд тооцогдох “Трибека”-г 2002 онд алдарт жүжигчин Роберт Де Ниро, продюсер Жейн Розенталь нар санаачлан зохион байгуулсан түүхтэй. Нийгмийн чухал асуудлыг хөндсөн, баримтат киноны төрөлд шинэчлэл хийсэн бүтээлүүдийг түлхүү онцолдог тус наадамд шалгарснаар тухайн бүтээлийг олон улсад таниулах, цаашлаад “Оскар”-ын наадамд “сойх” боломж олгодгоороо ач холбогдолтой.
Э.Сүйлэн