“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” төрийн бус байгууллага (ТББ)-аас ахмад настнуудын тэтгэврийг нэмж өгөөч хэмээн өчигдөр мэдээлэл хийв. Тус байгууллагын төлөөлөл “Бид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж шаардлага тавьсан. Сайд уг шаардлагыг өөрийнх нь эрх мэдлээс хэтэрсэн зүйл гээд УИХ-аар хэлэлцүүлье хэмээсэн. Гэхдээ Т.Аубакир бидэнтэй уулзахаараа нэг зүйл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр зүйл яриад олигтой шийдвэрт хүрсэнгүй. Түүнчлэн тэтгэвэр нэмүүлэх шаардлага тавиад нэг жил өнгөрлөө. Бүр Ерөнхий сайд, УИХ-ын даргад бичгээр мэдэгдэл хүргүүлээд ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс тэтгэвэр нэмэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ахмадууд өлсгөлөн зарлана” гэлээ. Дээрх ТББ-аас ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгаа юм.