Улс орон даяар энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлээд дөрөв хонож байна. Энэ удаагийн татлагаар хилийн болон дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж буй бөгөөд зэвсэгт хүчний цэрэг татлагыг хоёрдугаар ээлжээр буюу ирэх аравдугаар сард зохион байгуулах юм.
Орон нутгийн харьяалалтай боловч нийслэлд суралцаж буй оюутан, залуучууд цэргийн зарлан дуудах мэдэгдлийн дагуу заавал харьяа орон нутагтаа очих шаардлага үүсэж, хүндрэл гарч байгаа талаар Батлан хамгаалах яаманд сүүлийн үед иргэд ихээр хандах болжээ. Иймд энэ талаар тус яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболд мэдээлэл өгөв. Тэрбээр “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан оюутан, залуучууд байнга оршин суугаа нутгаасаа өөр газарт түр хугацаагаар яваа үедээ тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлагын байр руу очиж бүртгүүлэх үүрэгтэй. Гэхдээ иргэн орон нутагтаа очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоонд хандаж болно. Жишээ нь, Хөвсгөл аймгийн харьяат оюутан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдардаг бол цэргийн зарлан дуудах мэдэгдэл, цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваад тус дүүргийн цэрэг татлагын товчоонд очих боломжтой” гэв.
Цаашид цэргийн бүртгэл, зарлан дуудах ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр ажиллаж байгааг ч тэрбээр дуулгасан юм. Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны эрчүүдийг хугацаат цэргийн албанд татах бөгөөд оюутан, залуус уг зохицуулалтад нэгэн адил хамаарна. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагч 18 нас хүрсэн тохиолдолд суралцаж буйгаа нотлох баримт бүрдүүлснээр түр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой аж.