Нийслэлийн МАН-ын хорооны хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Засгийн газар иргэд, эрдэмтдийн зүгээс тавьж буй шаардлага, мэдээллийг нягтлах, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эцэслэх хүртэл “Туулын хурдны зам” төслийг түр зогсоох шийдвэр гаргасан. Үүний дараа хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны хурлыг гэнэт зарласан юм. Тэрбээр дээрх төслийг цээжээрээ хамгаалж, иргэдийнхээ эсрэг хүртэл жагсаал хийгээд авсан. Тиймээс хамгийн түрүүнд шалгуулах ёстой албан тушаалтнуудын нэг болоод буй. Үүнтэй болон бусад асуудалтай холбогдуулан Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаас огцруулж магад гэсэн мэдээлэл байв. Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нийслэлийн МАН-ын хорооны даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө гэж байлаа.
Тэгвэл дээрх хуралдаанаар нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын асуудал ярьжээ. Н.Учралын оронд тэргүүлэгчээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга М.Говьсайханыг, мөн Б.Галцогийг дэд даргаас чөлөөлж, Баярмөнх, Цэнд-Аюуш нарыг томилжээ. Зохион байгуулалтын асуудлын хүрээнд Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаас нь чөлөөлөх, эсэхийг хэлэлцэх нь нээлттэй гэж байсан ч хэн ч энэ тухай сэдэв хөндөөгүй аж. Э.Бат-Амгалан гишүүн ч дээрх мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд өчигдрийн хуралдаанд оролцоогүй юм байна. Х.Нямбаатар “Хэн ч асуудал хөндөөгүй учраас би намайг огцруулж өгөөч, эсвэл надтай өрсөлдөх хүн байна уу гэж болохгүй. Намайг олон жил гүтгэж, харлуулах гэж оролддог. Гэвч надад харлах юм байхгүй. Урдах ажлаа л хийж байна” гэв. Түүний охин үнэтэй нохойгоо цахим сүлжээнд гайхуулж, дундаж иргэдийн байнга авч идэж чаддаггүй стейк, далайн хоолоор тэжээж буй бичлэг, зургаа цацсан. Үүнд тэрбээр “Гөлөг байхаас нь тэжээсэн нохой. Манай охин нохойны хоол буюу хатаасан мах савлаж зардаг, түүнийгээ л сурталчилсан. Тэр тийм хууль бус юм уу. Намайг огцруулмаар байгаа бол ирээд хуралдаа оролц гэж хэлсэн. Би 10 жилийн өмнө худалдаж авсан, орлогоо нотолсон байшиндаа амьдарч байна. Гэтэл өглөө манай гэр дээгүүр дрон нисгэлээ” гэв.
Нийслэлийн МАН-ын хороо 300 орчим гишүүнтэй, тэдний 15 хувийг мөн шинэчилсэн, ингэхдээ Х.Нямбаатар өөрийнхөө хүмүүсийг түлхүү оруулснаар олонх болсон сурагтай. Тиймээс түүнд хариуцлага тооцох тухай ярих хүн олдсонгүй. Мөн “Туулын хурдны зам” төслийг үргэлжлүүлэх ёстой, тэр ажлаа сайн хийж байгаа гэсэн байр суурьтай гишүүн олширсон нь дээрх мэдээллийг баталж буй юм.
С.Уул