Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Монгол төрийн босгыг түүхэнд байгаагүйгээр доошлуулж, нэр хүндийг нь шавартай хутгасан хүн бол М.Нарантуяа-Нара. Дуучин хэмээн гарч ирсэн ч түүнд олны хүртээл болсон бүтээл үгүй. Уг нь Токио хотын Мэргэжлийн хөгжмийн сургуулийг гоцлол дуулаач, “Их засаг” их сургуулийг гааль, татварын эдийн засагчаар дүүргэжээ. Мөн түүний ганц бие ээж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд нэгдэгч, зөгийн аж ахуй эрхлэгч шударга, дайчин эмэгтэй гэсэн дүр төрх нь олон нийтэд таалагдаж, тэр хэрээр дэмждэг байсан юм. Тиймээс ч УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшихэд нь цөөнгүй хүн саналаа өгсөн юм даг. Гэвч эдүгээ мөнгө хүнийг өөрчилдөггүй, үндсэн мөн чанарыг нь л ил гаргадгийг бидэнд ойлгуулж байна.
Бие даагаад хол явахгүй гэдгээ мэдсэн тэрбээр 2024 оны сонгуулиар ИЗНН-ын хаяаг бараадсан юм. Ногоон дээлээр гоёж, ИЗНН-ын дэд дарга болж, жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлүүлсэн. Олон жил парламентад төлөөлөлтэй байж төрийн эрх барилцаж явсан, нэр цэвэр учраас ИЗНН-д дэмжигчид байв. Мөн Нараг шударга, үнэнч хэмээн итгэсэн дагагчдынх нь дэмжлэг ч тус болсон. Хэн хэнийхээ хүчээр энэ нам парламентад дөрвөн гишүүнтэй байх хэмжээний санал иргэдээс авч чадсан юм. Гэвч гишүүний тангаргаа өргөөд л Нара багаа хуулж эхлэх нь тэр. Намын дарга Б.Батбаатарыгаа шүүмжилж, ИЗНН-ын гишүүдийг “Миний хүчинд УИХ-ын гишүүн болсон” хэмээн цээжээ дэлддэг болсон.
Тэрбээр жижиг бизнесээсээ гадна олон дагагчаа ашиглан арилжааны лайв хийж, бараа бүтээгдэхүүн сурталчилж амьдардаг нь үнэн. Гэтэл УИХ-ын гишүүн болчхоод ч үүнийгээ орхисонгүй. Бүр парламентын даргадаа мэдэгдэлгүйгээр хил гараад явчихсан, бараа сурталчилж байсан нэгэн. УИХ-ын гишүүний баримталж мөрдөх ёстой хууль, дэгийг хамгийн түрүүнд уншиж, судлах учиртай ч тэгсэнгүй. Ингээд Ёс зүйн хороо, УИХ-ын Тамгын газраас эхний сануулгаа авав. Гэвч засарсангүй. Үнэндээ энэ бүхэн ердөө трэйлер нь байсан юм.
УИХ-ын Тамгын газраас шинэ гишүүдэд зориулж хийсэн сургалтыг тэрбээр тасалчхаад нөгөө талд өөр “хичээл”-д суу чихсаныг нь бид удалгүй мэдсэн. “Гишүүний санал, товчлуурыг хэрхэн худалдах вэ” гэдэг хоёр сарын сургалтыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний багийнхнаас “авсан” байж. Учир нь 2025 оны төсвийн төслийг 2024 оны есдүгээр сард парламентад өргөн барьж, хэлэлцэх үед тэрбээр Ч.Номин сайдын багцад тусгасан өсвөр насны хүүхдүүдэд кино ший үзүүлэх эрхийн бичиг тараахад 18.3 тэрбум төгрөг хуваарилах саналыг цээжээрээ хамгаалсан юм. Түүхэнд байгаагүй үрэлгэн зардалтай, тооцоо, судалгаагүй төсөв шүү дээ. Мөн Нара нийгмийн сүлжээнд өөртэй нь санал нийлээгүй, шүүмжлэл бичсэн бүхнийг хайр гамгүй доромжлон гутааж, үг гээхгүй хэрэлддэг болов. Эргээд бодоход Л.Оюун-Эрдэнээр заалгасан “хичээл”-ийнх нь үр дүн байж. Энэ бол Экс Ерөнхий сайдын үндсэн арга барил.
МАН-ынхны түүхэн талцал эхэлж, 1980, 1970-аад оныхны зөрчил өрнөхөд Нара Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн бүлэглэлийн санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах акцад хамтарсан юм. 2025 оны аравдугаар сарын 16-ны үдээс өмнөх чуулганд ирж, ирцээ бүртгүүлчхээд явсан. Амаржаад 2-3-хан хонож байсан атлаа шүү дээ. Ийнхүү Нара тэргүүтэй хуралдаа суугаагүй 19 хүний ирц эсрэг саналд тооцогдож, Г.Занданшатарыг огцруулав. Энэ хуралдаан Үндсэн хууль зөрчсөн гэдгийг удалгүй Цэц тогтоосон билээ. Эл өдрөөс хойш тэрбээр “Тэрбум төгрөг бол юу ч биш” хэмээн аархдаг болсон. Ёс зүйгээ мөрдөхийг, хууль тогтоогч болсон учраас үг, үйлдлээ хянахыг сануулсан бүхнийг “тролл” хэмээн дуудаж, “Тэр ёс зүйгээ хошногондоо чих” хэмээн ангайлгасан юм. Япончуудын өндөр ёс зүйгээс тэр юу ч сурсангүй. Магад өөр ажил хийгээд “завгүй” явсан бололтой. Одоо Ёс зүйн дэд хороо ч түүнийг дийлэхээ байсан. 45 иргэний гомдлоор саяхан Нарагийн асуудлыг ахин авч үзэх болоход дэд хорооны дарга Б.Хэрлэнгийн хувийн амьдрал руу хошуу дүрж, гүтгэн элдвээр оролдлоо. Түүний ийм увайгүй байдал алсуураа нийгэм, залуу үед асар их хохирол учруулж, буруу үлгэр үзүүлж буйг бяцхан тархи нь ойлгохгүй.
Тэр гишүүн болсноос хойших энэ хоёр жилд нэг ч хуулийн төсөл санаачилсангүй. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн төлөө дуугарсангүй. Харин мөнгөний ажлынхаа төлөө бол нүдээ эргэлдүүлэн хашхичиж, бусдыг үг хэлүүлэхгүй, увайгүй, хэл амтай, хэрүүлчээрээ “аархаж” байна. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах ганц л хууль санаачилна гэж мэдэгдсэн. Гэхдээ үүнийгээ 2028 оноос хэрэгжүүлэхээр хүсэж байж. Гэтэл Ерөнхийлөгч өрсөн хууль санаачлаад, түүн шиг ёс зүйгүй хүмүүсийг эгүүлэн татна гэсэн нь Нара болон Л.ОюунЭрдэнийн “улаан хамгаалагчид”-ыг айлгав.Угхуулийгхэлэлцэхгүй байлгахын тулд элдэв л юм хийлээ.
Үнэндээ тэр шударга биш, увайгүй, ичих булчирхайгүй, нийтийн бус, хувийн эрх ашиг, мөнгөний төлөө л гэсэн өчүүхэн нэгэн байж. Тэнэглэл, увайгүй байдлаараа гайхуулсан, Монголын төрд “хор” цацсан ийм хүнийг дахин бүү гаргаг.