Баримлаар дамжуулан хүний дотоод ертөнц, нийгмийн бодит байдлыг өөрийн үзэл бодолтой сүлэн урлана гэдэг уран бүтээлчээс асар их ур чадвар, цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр шаарддаг билээ. Дүрслэх урлагийн салбар, тэр дундаа уран баримлын төрлийг кинетик буюу хөдөлгөөнт хэлбэрт зоригтойгоор шилжүүлж буй уран бүтээлч бол Ө.Одхүү юм. Тэрбээр нийгмийн эмзэг сэдвүүдийг соргогоор мэдэрч, бүтээлийнхээ уран нарийн дүрслэлээр дамжуулан илэрхийлдгээрээ онцлогтой.
Дүрслэх урлагийн академийг дүүргэж, БНСУ-д магистр, докторын зэрэг хамгаалсан тэрбээр өдгөө “Амь” хэмээх үзэсгэлэнгээ “Хаан” галерейд толилуулж байна. Ингээд СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн багш, доктор Ө.Одхүүтэй уран бүтээлийнх нь үзэл санаа, эрэл хайгуулын талаар ярилцсанаа хүргэе.-Та “Амь” үзэсгэлэнгээрээ дамжуулан үзэгчдэд ямар үзэл санаа түгээж, юуг өгүүлэхийг зорьсон бэ?
-Миний хувьд уран баримлын үзэсгэлэн гэхээр хүмүүсийн төсөөлдөг шиг заавал ямар нэг суурин дээр байрлуулсан, хөдөлгөөнгүй биет байх албагүй гэж бодсон л доо. Харин ч бүтээл маань хөдөлдөг, “амьсгалдаг” байвал үзэгчидтэй илүү нэгдэж, миний илэрхийлэхийг хүссэн conceptual art буюу буюу үзэл санааны урлагийг бүрэн дүүрэн хүргэж чадна гэж үзсэн юм. Өнөө цагт урлагийн хөгжил зураач зөвхөн зураг зурж, барималч баримлаа л урладаг гэх хязгаарлагдмал хүрээнээс хэдийн хальжээ. Контемпорари буюу нэн орчин үеийн урлагт тухайн хүний суурь мэргэжил барималч, эсвэл зураач байх нь төдийлөн чухал биш бөгөөд “уран бүтээлч” гэдэг ерөнхий нэршил дор нэгдэж байна. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч хүний ертөнцийг үзэх үзэл, өөрийгөө илэрхийлэх арга барил ямар ч хэлбэртэй байж болно гэсэн үг. Тиймээс би өөрийгөө зөвхөн барималч гэж “хайрцаглах”-ыг хүссэнгүй.
“Амь” үзэсгэлэнд хүний биеийн гол эрхтэн болох зүрх, уушги, нүдийг сонгон авч дүрсэлсэн. Хэдийгээр урлаг, уран бүтээл хөдөлгөөнгүй байж болох ч үүнийг тольдон буй үзэгчтэй нэгдсэн цагаасаа “амь” орж, тэдний зүрх сэтгэлд амьдарч эхэлдэг юм. Амьд байна гэдэг зөвхөн оршихуйн нэр биш, харин оршин тогтнохын төлөөх тасралтгүй тэмцэл. Тиймээс эдгээр эрхтнийг томоор дүрсэлж, дотроос нь гэрэлтүүлсэн. Энэ нь нэг талаас тэдгээрийн хүчирхэг байдлыг илэрхийлэхийн сацуу, амьдралын цөм эрч хүчний бэлгэдэл гэж ойлгож болно. Нөгөөтээгүүр сэтгэл зүйн дарамт, шахалтыг илтгэх аюулын дохиог сануулж байгаа юм. Хэзээ ч зогсож магадгүй тэрхүү эгзэгтэй агшныг үзэгчдэд мэдрүүлэхийг хичээсэн.
-Монголын дүрслэх урлагийн салбарт төдийлөн түгээмэл бус кинетик арт гэх ойлголтын талаар та тайлбарлахгүй юу. Уран баримлын уламжлалт хэлбэрээс ямар ялгаатай бол?
-Кинетик урлаг нь үзэгчдэд зөвхөн харах бус, тухайн бүтээлийн хөдөлгөөнийг биеэр мэдрэх, түүнд оролцох боломж олгодгоороо онцлогтой. “Амь” үзэсгэлэнд зүрх, уушги механик хөдөлгөөнөөр тэлж, агшиж байгаа нь хүний амьд оршихуйг хамгийн бодитоор мэдрүүлэх хэлбэр юм. Барууны орнуудад 1950-1960-аад оноос хөгжиж эхэлсэн энэхүү чиглэл манайд хараахан түгэн дэлгэрч амжаагүй нь үнэн.

-Хөл нүцгэн алхах хүмүүс болон хүний биеийн аварга том эрхтнүүдээр нийгмийн түгшүүрийг төлөөлүүлэн харуулсан нь маш өвөрмөц шийдэл болжээ. Зүрх, уушги, нүдийг онцлон дүрсэлсний цаад шалтгаан юу вэ?
-Би Дүрслэх урлагийн академийн уран баримлын ангийг 2009 онд төгсөөд, 2010 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан. Ер нь хилийн чанадыг зорихдоо уран бүтээлчийн хувиар өөрийгөө таньж мэдэх, нээх том зорилго өвөртөлсөн юм. Ингээд л “Сурвал сур, чадахгүй бол боль” гэсэн хатуу зарчимтай багшийн удирдлагад магистрт гурван жил суралцахдаа хоёр орны нийгэм, соёлын ялгааг анзаарч эхэлсэн. Уран бүтээлч хүн маш ажигч, соргог мэдрэмжтэй, зөн совинтой байх ёстой гэж боддог. Тиймдээ ч аливаа зүйлийг гүн гүнзгий тусгаж авах гээд байдаг талтай.
Монголд байхдаа хүн амын нягтаршлыг төдийлөн анзаардаггүй байсан бол БНСУ-ын олон сая хүний дунд ороод үүнийг маш хүчтэй мэдэрсэн. Яваандаа энэхүү бөөгнөрлөөс залхаж эхлэхэд багш надад “Чи бол монгол уран бүтээлч. Монгол ахуй, уламжлал, сэтгэлгээ чамд нэвт шингэсэн нь бүтээлүүдээс чинь илт анзаарагддаг. Гэхдээ чи гадаадад суралцахаар ирсэн шүү дээ. Хэрэв эх орондоо хийдэг байсан зүйлээ л үргэлжлүүлэн давтах гэж байгаа бол эртхэн буцсан нь дээр. Энд байх хугацаандаа өөрийгөө шинээр нээж, өөр өнцөг, шинэ сэдэл олж чадвал ирээдүйд чинь хэрэгтэй” гэж зөвлөсөн юм. Энэ үг надад ихийг бодуулж, аливааг харах хандлагыг минь бүрэн өөрчлөх хөшүүрэг болсон. Үүнээс хойш би ямар нэгэн гоёчлолгүйгээр хүмүүсийн дүр төрхийг бодитоор, байгаагаар нь илэрхийлэхийг хичээх болсон.
“Танихгүй” нийгэмд хөл тавиад удаагүй байхдаа мэдээж маш их түгшсэн. Тухайн үед үүнийгээ бүр өвчин гэж эндүүрсэн. Гэхдээ эргэн тойрноо ажиглатал өнөөгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд хүн бүр л надтай ижил мэдрэмжтэй нүүр тулж, дотооддоо тэмцэж явааг олж харсан юм.
Судлаад үзэхээр түгшүүрийн эхлэл нь хүн төрөлхтөн өөрөө юм билээ. Хэдийгээр шинжлэх ухаан, технологийн хөгжил асар их боломж олгодог ч үүнийг дагасан эрсдэлүүд биднийг байнгын айдаст хүлж байна. Хүн төрөлхтний эцэс төгсгөлгүй шунал эргээд байгаль дэлхий болон бусдад хор хөнөөл учруулсаар байгааг уран бүтээлч хүний нүдээр ажиглаж, эл үзэсгэлэнгээрээ дамжуулан тэрхүү амьд оршихуйн тэмцлийг илэрхийлэхийг хүссэн юм. Харин зүрх, уушги, нүдийг онцлон дүрсэлсний учир нь эдгээр эрхтэн нийгмийн стресс, сэтгэл хөдлөлд хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлдэгтэй холбоотой.
-Тэгвэл түгшүүр гэх ойлголтыг та хэрхэн тодорхойлох бол?
-Угтаа түгшүүр гэдэг бидэнд ямар нэгэн аюул, эсвэл асуудал ойртон ирж байгааг сонордуулдаг дохио. Энэхүү сэтгэл хөдлөлийн ачаар бид тулгарсан саадыг хэрхэн давах талаар эргэцүүлж, өөрийгөө бэлтгэдэг шүү дээ. Тиймээс түгшүүр бол аливаа асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, байх ёстой сэтгэл хөдлөлийн нэг илрэл юм. Мэдээж хэрээс хэтэрвэл сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч зөв удирдаж, ашиглаж чадвал амьдралд тус болох чухал хөдөлгүүр гэж боддог.
Шүүмжлээд орхих биш, бүтээлээрээ дамжуулан гарц хайдаг
-Нийгмийн эмзэг сэдвүүдийг соргогоор мэдэрч, уран бүтээлээрээ дамжуулан зоригтой хөнддөг тань олны анхаарлыг ихэд татдаг. Үүний тод жишээ болох “Мөөгөнцөр” хэмээх бүтээлийг туурвих санаа, сэдэл хаанаас эхлэлтэй вэ?
-Уран бүтээлч хүнийхээ хувьд нийгмийн эмзэг, болж бүтэхгүй байгаа асуудлуудыг бүтээлдээ тусгахыг хичээдэг. Гэхдээ зөвхөн шүүмжлээд зогсох биш, бүтээлээрээ дамжуулан гарах гарцыг нь үргэлж хайдаг.
“Мөөгөнцөр” бол миний докторантурт суралцаж байхдаа туурвисан анхны бүтээл юм. БНСУ-д амьдрах хугацаандаа би нэг газраа хамгийн ихдээ нэг жил болоод л нүүдэг байлаа. Солонгос маш чийглэг уур амьсгалтай учраас түрээсэлсэн байр болгон мөөгөнцөртэй. Яаж ч цэвэрлээд арилахгүй, ханан дээр хөх толбо болоод үлдчихдэг. Үндсэндээ нийгмийн бараан тал, үл арилах “толбо”-ыг мөөгөнцрөөр төлөөлүүлсэн хэрэг.
Бүтээлийн дүрслэлийн хувьд мөөг хэрнээ голдоо нүдтэй, доор нь хүмүүсийн гар, хөл харагдахаар шийдсэн. Мөөгний голд шигтгэсэн тэрхүү нүд алсыг ширтэж буй нь муу муухайгаас гарах гарцыг хайж байгаа юм. Хэдийгээр тухайн хүн өөрөө мөөгөнд идэгдчихсэн ч итгэл найдвараа алдаагүйг харуулж буй нь энэ.
Угтаа мөөгөнцөр ялзралаас үүсдэг. Хэрэв хананы бохирдлыг цэвэрлэхгүй орхивол түүн дээр ургамал соёолж, улмаар мөөг бий болно гэх уран бүтээлчийн сэтгэмжээр үүнийг туурвисан. Мөөгөнцөр, ялзрал гэхээр таагүй сонсогдох ч мөөг бол хүнд хэрэгтэй зүйл юм. Бид мөөгийг хүнс болон эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Үүний адилаар муу муухайгаас ч гоё сайхан зүйл урган гарч болдгийг, ямар ч хэцүү нөхцөлд гэрэл гэгээ байдгийг харуулахыг хичээсэн.
-“Амь” үзэсгэлэнгийн тухайд таны 2022 онд олны хүртээл болгосон “Бидний амьдарч буй ертөнц”-өөс концепц болон арга барилын хувьд хувьсан өөрчлөгдсөн зүйл бий юү?
-Би магистрын зэргээ хамгаалчхаад эх орондоо ирж, Дүрслэх урлагийн академид хоёр жил дадлагажигч багшаар ажилласан юм. Үүний дараа докторантурт суралцахаар БНСУ-ыг дахин зорьж, нийтдээ зургаан жил орчим тэнд амьдарсан байна. Докторын зэрэг хамгаалахад судалгааны ажилтайгаа уялдсан бие даасан хоёр, хамтарсан гурван үзэсгэлэн гаргасан байх ёстой гэх шаардлага тавьдаг. Бусад салбарынхан олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг бол уран бүтээлчдийн хувьд үзэсгэлэн гаргадаг гэсэн үг.
Миний хувьд орчин үеийн хүмүүсийн зан төлөвийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд үзэсгэлэнгүүдээ дэс дараатайгаар гаргасан. Нэг концепцоор бүхэл бүтэн үзэсгэлэн гаргахын тулд маш их бодож, тухайн сэдэвтэйгээ бүтээл бүрээ нарийн уялдуулах шаардлагатай. Ингээд “Бидний амьдарч буй ертөнц-I” үзэсгэлэнгээ БНСУ-д, харин үргэлжлэл болгож хоёр дахь үзэсгэлэнгээ Монголдоо дэлгэсэн.
“Амь” үзэсгэлэнд өмнөх “Бидний амьдарч буй ертөнц”-д толилуулсан ганц нэг бүтээл бий. Гэхдээ тэдгээр нь шинэ үзэсгэлэнгийн концепцтой шууд холбогдож байгаа. Гол ялгаа, өөрчлөлт гэвэл энэ удаа шинээр урласан бүтээлүүддээ хөдөлгөөнт баримал буюу кинетик урлагийн элементүүдийг түлхүү оруулж өгснөөрөө онцлогтой.
-Та Монголын дүрслэх урлагийн “том”-чуудын нэг, МУЭ-ийн шагналт уран барималч А.Өлзийбаатарын хүү, удам дамжсан уран бүтээлч шүү дээ. Уран барималч болоход гэр бүлийн орчин, тэр дундаа аав тань багагүй нөлөөлсөн байх.
-Хүүхэд эцэг, эхийнхээ юу хийж байгааг харж, дуурайж өсдөг шүү дээ. Би ч энэ жишгээр аавынхаа урланд өнжиж, бүтээлийг нь зүлгүүрдэж, тоос шороог нь цэвэрлэх зэргээр үзэсгэлэн гаргахад нь тусалдаг байлаа. Чөлөөт цагаараа баримлын шавраар тоглох дуртай хүүхэд байсан. Хүссэн бүхнээ урлаж болдог учраас баримлын шавар надад маш гоё санагддаг байв. Багаасаа баримлаар тоглож өссөн нь уран бүтээлч хүнд хамгийн чухал гарын мэдрэмжийг хөгжүүлэхэд тусалсан гэж боддог. Надад тухайн үед хэн ч тийм мэргэжлээр сур, энэ нь зүгээр гэж тулгаагүй. Эргэлзэлгүйгээр баримлын ангийг сонгосон.
Есдүгээр ангидаа сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ыг зорин, жил хагасын хугацаанд суралцсан юм. Арван жилд байхдаа аавдаа л тусалдаг байснаас биш, өөрөө бие дааж төдийлөн баримал хийж үзээгүй. Гэтэл АНУ-д очоод, баримлын анги байхгүй учраас керамикийн ангийг сонгож, анхны бүтээлүүдээ урлаж эхэлсэн. Тухайн үедээ олон улсын уралдаанд оролцож, хоёрдугаар байр эзлээд их урам авч билээ. Аавынхаа дэргэд бус, хүний нутагт очоод өөрийгөө анх удаа нээсэн минь тэр байв.
Дараа нь эх орондоо ирж, буцаад АНУ руу явах бэлтгэлээ хангаж эхэлсэн. Сурах сургуулиа олж, захиралтай нь ч уулзчихсан байв. Ингээд TOEFL-ийн шалгалт өгтөл ялимгүй оноо дутчихлаа. Тэр үед аав “Дүрслэх урлагийн академи элсэлтээ зарлачхаж, чи юутай ч шалгалт өгөөд үз” гэсэн. Ингээд л шалгалт өгч, Дүрслэх урлагийн академид уран барималч, урлаг судлаач С.Бадрал багшийн шавь болсон доо.
-Уран бүтээлч бүр өөрийн гэсэн “хэл”-тэй. Тэрхүү “хэл”-ийг илэрхийлэх гол хэрэгсэл нь материал гэдэг шүү дээ. Харин та цемент, даавуу гээд төрөл бүрийн материал ашигладаг юм билээ.
-Мөн л аавтай минь салшгүй холбоотой. Манай аав голчлон модоор сийлбэр хийдэг байлаа. Металл материал хүрэхэд хүйтэн мэдрэмж төрүүлдэг бол мод маш дулаахан. Хэдийгээр насжилтын хувьд керамикийг гүйцэхгүй ч хүн төрөлхтний түүхтэй салшгүй холбоотой, бидний хамгийн анхны бөгөөд үндсэн материал бол мод. Үүнээс гадна цементийг түгээмэл ашигладаг. Тухайн бүтээлийн онцлогоос шалтгаалж материалаа сонгодог. Тухайлбал, “Амь” үзэсгэлэнд дэлгэсэн зүрх, уушги зэрэг бүтээлээ ус, агаар нэвтэрдэггүй даавуугаар урласан.
Ер нь уран барималч мод, чулуу, металл гэлтгүй бүх төрлийн материалаар бүтээлээ туурвидаг, хөрвөх чадвар сайтай байх ёстой гэж боддог.
Шинэ урсгал, хэв маЯгийг хэт сохроор дагаж болохгүй
-Орчин үеийн уран баримлын шинэ чиг хандлага, урсгалыг Монголд нутагшуулан хөгжүүлэхэд цаашид юунд анхаарах шаардлагатай бол?
-Манай аавын үед Чингис хааны хөргийг урлах хориотой байсан. Харин өдгөө биднийг хорьж цагдах зүйл алга. Тухайн хүн өөрийн мэдрэмжид тулгуурлан хүссэн бүхнээ урлах боломжтой нөхцөлд амьдарч байгаа нь бидний давуу тал. Тиймээс энэхүү эрх чөлөөт орчинд өөрийн дотоод мэдрэмжээрээ үзэгчдэд гоо зүйн таашаал өгч чадаж байвал болох нь тэр.
Өнөөдөр урлаг маш эрх чөлөөтэй, магадгүй хэтэрхий замбараагүй хөгжих хандлага ажиглагдаж байгаа нь үнэн. Тиймээс шинэ урсгал, хэв маягийг сохроор дагаж, хэт замбараагүйтэж болохгүй. Урлагийн шинэ содон төрөл зүйлийг ойлгох үзэгчдийн боловсрол, хүлээж авах бэлтгэл нь энэ салбарыг урагшлуулах гол хөшүүрэг болно. Тиймээс үзэгчид болон уран бүтээлчид харилцан нэг нэгнээ хөгжүүлж байж кинетик арт шиг шинэ төрөл манайд амжилттай нутагшина гэж харж байна.
-Дүрслэх урлагийн академид багшлаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөгийн оюутан, залуусын урлагийг харах өнцөг, хандлага өмнөх үеийнхнээс хэр өөрчлөгдсөн бэ?
-Намайг оюутан байх үеийн сургалтын арга барил болон өнөөгийн залуусын суралцах хэв маяг хоорондоо эрс ялгаатай болсон нь анзаарагддаг. Залуус маань урлаг заавал тийм, ийм байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос татгалзаж, маш чөлөөтэй сэтгэж, суралцаж байна. Өнөөгийн залуусын сэтгэлгээ орчин үеийн чиг хандлага руу илүүтэй тэмүүлдэг болсон. Гэхдээ уламжлалт, классик чиглэлээр гүнзгийрүүлэн сурах хүсэлтэй оюутнууд ч цөөнгүй бий. Ер нь Монголын дүрслэх урлагийн ирээдүйн хөгжил бид хойч үеэ хэрхэн бэлтгэж байгаагаас шууд хамаарна.
Урлагийн сургуулийн бусад салбараас ялгарах гол онцлог нь цагт баригдалгүй, уран бүтээлээ чөлөөтэй туурвих боломж олгодог. Угаасаа урлагийн мэргэжил хэт баригдмал байж болохгүй. Хийх ёстой зүйлээ тухайн цаг хугацаандаа чанартай гүйцэтгэж, үр дүнгээ л харуулж байвал бид хатуу цаг тулгадаггүй. Мөн уран бүтээлчдэд урлан нь хоёр дахь гэр нь байдаг шүү дээ. Харин оюутнуудын хувьд анги, танхим бол тэдний урлан. Тиймээс би шавь нартаа урландаа чөлөөтэй байхыг зөвлөдөг.
У.ЦЭЦЭГ