Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Батбаяр, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Ж.Золжаргал нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өнгөрсөн сард Тамгын газарт хүргүүлсэн аж. 2026 оны төсвийг батлах үеэр маргаан дагуулсан хэсгийн ахлагч нартай холбоотой асуудлыг уг төслөөр цэгцлэхийг зорьжээ. Хуульд зохион байгуулалтын нэгж гэдэг үг байхгүй. Гэтэл ийм нэгж бий болгоод, хорооны Засаг дарга нар хэсгийн ахлагч томилох эрх эдэлж, үүгээрээ дамжуулан тэднээр улс төрийн зорилготой ажлаа гүйцэтгүүлж байна хэмээн Д.Батбаяр гишүүн ярив. Энэ бүхэн нь Үндсэн хуультай зөрчилдөж буй. Одоогоор нийслэлд 1915 хэсгийн ахлагч Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулан ажилладаг аж. Төрөөс иргэдэд үзүүлдэг 2500 үйлчилгээний 50 хувь нь цахимжсан тул ийм ажлын байр хэрэггүй, хоёрдугаарт тэд иргэдийн хувийн мэдээллийг чөлөөтэй авч, улс төрийн зорилгоор ашиглаж байна хэмээн гишүүд үзжээ. Гэвч уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих цагийг Тамгын газраас олгохгүй “боож” байгаа гэнэ.
Мөн “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотойгоор С.Цэнгүүн гишүүн байр суурь илэрхийлсэн. “Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудаас ТЭЗҮ тодорхойгүй, байгаль орчны үнэлгээ гүйцэд бус учраас уг төслийг бүрэн зогсоохыг шаардсан. АН энэ байр сууриндаа хатуу зогсоно. Түгжрэлийг 30-34 хувиар бууруулна гэж буй уг төсөлд 2.3 их наяд төгрөг зарцуулахаар байгаа. Мөн сонгон шалгаруулалт нь тодорхойгүй атал энэ хавраас ажил нь эхэлсэн. Төсөлтэй холбоотой эцсийн шийдвэр гараагүй байхад 500 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн. Уг мөнгийг ямар гэрээгээр, хэний данс руу шилжүүлсэн гэдгээс эхлээд тодруулах, шалгах зүйл олон байна. Тиймээс гэрээнүүдийг ил тод болгох ёстой. Ерөнхий сайд уг төслийг зогсоолоо гээд орхих биш, зарцуулсан мөнгийг шалгах, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Бид шаардлага тавьж, ажлын хэсэг байгуулан ажиллана” гэв. Нийтийн өмнөөс гэрээ байгуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнууд үүнээс бултах ёсгүй гэж тэд үзэж буйгаа илэрхийлсэн юм.
С.Уул