“Бодь интернэшнл” ХХК төмөр замын төсвөөс 110 сая долларыг улстөрчид, төрийн өмчит компанийн захирлуудад авлига хэлбэрээр тараасан гэдэг мэдээлэл олон нийтэд хүрсэн. Одоогийн байдлаар 110 сая доллараас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт 1.3 сая доллар, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал нарт 25 сая доллар, нийлээд 27.3 сая долларыг өгсөн гэх дөрвөн хүний нэр ил болсон. Гэхдээ Б.Энхбаяр үүнийг гүтгэлэг гэж мэдэгдсэн. Нөгөөх гурав нь одоогоор тайлбар хэлээгүй байна. АТГ ч энэ талаарх мэдээллийг өгсөн Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан. Түүнээс хойш “Бодь”-ийн 110 сая долларын авлигатай холбоотой ямар нэг мэдээлэл гараагүй байна.
Гэхдээ УИХ дээр “Бодь”-ийн оффтейк гэрээтэй холбоотой сонсгол болж магадгүй нь. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сар орчмын өмнө Засгийн газарт ороогүй байхдаа: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад “Бодь” групп, “Тавантолгой төмөр зам”-ын гэрээний үнийн дүн 1:5 тэрбум доллар. Өмнө нь гүйцэтгэж байсан компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая доллар гээд нийт 1.3 тэрбум адоллар буюу өнөөгийн ханшаар тооцоход төсвийн 13 орчим хувийг эзлэх маш их үнийн дүнтэй асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйл ярилаа. Үнэн нь хоёр талыг төлөөлж гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр хаана байна вэ. “Бодь” группийг төлөөлж гарын үзсэн зурсан А.Амундра, “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хаана байгаа юм бэ. Миний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотой 17 улстөрчийн нэрийг зарлаж байсан, Х.Баттулгаас эхлээд. Тэр өдөртөө гадагшаа гараад зугтаж байсан. Энэ асуудалд холбоотой, гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдаж байсан үйл явдал болсон. Энэ хэрэг Цагдаагийн газар бүртгэгдсэн. Ямартаа ч энд ямар нэгэн асуудал байгаа нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор УИХ нүүрсний сонсгол зохион байгуулж байсан. Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр асуудал байна гэдгийг тодорхойлоод хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг нэгтгээд үзэхээр Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж, тэдний тойрон хүрээлэл дунд асар том авлига хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа. Тиймээс хянан шалгах түр хороо байгуулах эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөл боловсрууллаа. УИХ-ын 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болно гэж байсан.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт: Засагт хамтарлаа гээд миний байр суурь өөрчлөгдөхгүй. “Бодь” компанийн оффтейк гэрээг нээлттэй сонсгол явуулж, ил болгох ёстой. Ер нь “Бодь”-ийн гэрээнээс эхлээд нүүрс тойрсон нууц гэрээнүүдийг шалгаж мухарлах ёстой. Ингэхийн тулд УИХ-ын 32 гишүүний санаачлагаас эхэлнэ гэж мэдэгдлээ.
Одоогийн байдлаар 10 гаруй гишүүн “Бодь”-ийн оффтейк гэрээний учир шалтгааныг сонсохоор гарын үсгээ зуржээ. Гишүүд нэмэгдсээр байгаа мэдээлэл байна. 32 хүрвэл сонсгол болно. Тэгэх магадлал өндөр. Гэхдээ бас Н.Номтойбаяр замын дундаас буцаж, гарын үсэг цуглуулахаа зогсоовол “Бодь”-ийн оффтейк гэрээний сонсгол болохгүй. Ийм хувилбар бас байгаа. Энэ дээр Н.Номтойбаяр төмөр шиг байх уу, тугалга шиг болох уу гэдэг сонин.
Харин “Бодь”-ийн Д.Баясгалан оффтейк гэрээний сонсгол болно гэдэгт эргэлзэхгүй байгаа бололтой. Тэрээр сандарч гүйсээр сонсгол болсон тохиолдолд яах вэ гэдэг дээр арга хэмжээ авч эхэлжээ. Д.Баясгалан “Бодь”-ийн оффтейк гэрээний сонсголыг УИХ-ын гишүүн “бидон” Д.Ганбатаар удирдуулж явуулах тохироо хийжээ. Д.Ганбат гишүүний тухайд “Бодь”-д таатай, Харбины гэрээнд таагүй ханддаг нэгэн. Нэг үгээр хэлбэл “Бодь”-ийн Д.Баясгалан сонсголоо удирдуулахаар “бидон” Д.Ганбатыг захиалсан тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.
М.Бат-Эрдэнэ