Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрынхан энэ оны ажлын төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх шалгалт зохион байгуулж буй юм. Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт хийсэн хяналт, шалгалтын үеэр энэ сарын 21-нд Устай Шаамарын хадан хошуу гэх газарт хоёр халиун бугыг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлжээ. Засгийн газрын тогтоолоор халиун бугыг ховор амьтны жагсаалтад бүртгэсэн тул түүнийг агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хориглодог. Уг хэргийг шалгуулахаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлж, холбогдох эд мөрийн баримтуудыг хүлээлгэн өгсөн гэнэ. Мөн амьтдын сэг зэмийг ариутгаж, устгасан аж.
Амьтны тухай хуульд заасны дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэн, бодгаль тутамд нөхөн төлбөр ногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Халиун бугын экологи, эдийн засгийн үнэлгээг 12.7 сая төгрөгөөр тогтоосон байдаг. Иймд иргэдийг ан агнуур хийхдээ хууль, журмыг мөрдөж, хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байх, амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийг нягтлах, зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлж байхыг албаныхан зөвлөв.