УИХ-ын өчигдрийн чуулганаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Ж.Чинбүрэн тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-нд УИХ-д өргөн барьсан юм. Ажлын хэсэг хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолт, үг, хэллэгийг энгийн ойлгомжтой, салаа утгагүй болгон найруулж, “сорьц, хүйн эд, үндэсний хүлээх жагсаалт” зэрэг зарим нэр томьёоны тайлбар болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлэх зохицуулалт нэмж, эсийн ангиллыг тусад нь зүйл болгож, эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банкны тухай зохицуулалтыг шинээр тусгажээ. Мөн амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэн томьё олсон байна.
Эл хуулийн ач холбогдол, эрэлт, хэрэгцээ өндөр байгааг УИХ-ын олон гишүүн онцолж, био банкны сургалт, судалгааны чиг үүрэг, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ эрхлэгчдийн тоо, эмчилгээний төлбөр, донорын тэтгэмж, асаргаа сувилал, амьгүй донорт хандах ёс зүйн хэм хэмжээ, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багийн талаар асуулт асууж, хариулт авав.
Хуулийн гол өөрчлөлтийн талаар УИХын гишүүн Ж.Чинбүрэн “Эртхэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал Донорын тухай хууль гэдэг дотор оршиж байсан бол цус өгөх, эрхтэн шилжүүлэн суулгах нь эрх зүйн хувьд тэс өөр зүйл юм. “Цусаа хандивлаарай” гэж уриалдаг ч эд, эрхтнээ өгөөрэй гэвэл хууль бус болно. Шинэ технологи, анагаах ухааны их ололтын эрин үед, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа өнөө цагт энэ хууль хамгийн чухал эрх зүйн баримт бичиг болох юм. Амьгүй донорын тоог нэмэх нь чухал байна. Амьд донор буюу эрүүл хүн хайртай нэгнийхээ төлөө эрхтнээ өгнө гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний гол концепц биш. Өөрөөр хэлбэл, амьгүй донороос, эрсдэлгүй байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах нь чухал. Амьд донор 21 наснаас дээш, харин амьгүй донор насны хязгаар байхгүй. Нэг ёсондоо тархины үхжилт болсон, буцаж сэргэхгүй гэдгийг нь мэргэжлийн багаар тогтоосны дараа амьгүй донор болж болно. Ингэхдээ гэр бүлийнх нь гурав хүртэлх хүнээс зөвшөөрөл авах ёстой гэсэн заалт оруулж байгаа. Харин амьд сэрүүндээ донор болох зөвшөөрөл өгсөн бол эрх нь нээгдэнэ” гэв.
Ташрамд, манай улсад элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай 1400 гаруй хүн донор хүлээж, өдөр, хоногийг өнгөрүүлж байна. Элэг шилжүүлэн суулгаж буй дөрөв, бөөр шилжүүлэн суулгаж байгаа зургаан эмнэлэг улсын хэмжээнд бий. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардлыг төрөөс бүрэн дааж буй. Мөн эрхтэн шилжүүлэн суулгасны дараах дархлаа дарангуйлах бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан юм.
Ч.Цэлмэг