ЮНЕСКО-гоос дөрөвдүгээр сарын 23-ныг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан билээ. Энэ өдөр М.Сервантес, У.Шекспир, В.Набоков тэргүүтэй утга зохиолын сод төлөөлөгчдийн мэндэлсэн болон таалал төгссөн мөчтэй давхацдагаараа онцлогтой. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд эл өдрийг тэмдэглэж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэхээс гадна ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг уламжлал тогтжээ.
Дэлхийн зарим улс оронд дөрөвдүгээр сарын 23-нд номын дэлгүүрүүд бүх бүтээлээ хямдруулж, нэг ам.доллароор худалдах нь ч бий. Үүний зэрэгцээ номын клуб болон дэлгүүрүүдээр дамжуулан цаасан болон цахим ном солилцох өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг аж. Манай улсад ч эл өдрийг жил бүр өргөнөөр тэмдэглэж, үндэсний бичиг соёл, ном унших дадлыг хэвшүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг уламжлал болгон өрнүүлсээр ирсэн юм. Ингээд Дэлхийн номын өдрөөр зохион байгуулсан сонирхолтой арга хэмжээнүүдийг тоймлон хүргэе.
“РОМАНТАЙ ҮДЭШ” УУЛЗАЛТ БОЛОВ
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Болор судар” хэвлэлийн газраас “Романтай үдэш” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Хүлио Кортасарын “Чартаа”, Милан Кундерагийн “Инээд хийгээд мартахуйн тухай ном”, Дон Делиллогийн “Цагаан шуугиан”, Пол Остерийн “Үл үзэгдэгч”, Орхан Памукын “Хар судар” романыг монгол хэлнээ орчуулсан уран бүтээлчид, судлаачдыг уншигчидтай нь учруулж, нээлттэй ярилцлага өрнүүлэв. Түүнчлэн тус хэвлэлийн газраас “Норвег эцэг, эхчүүдийн туршлага: Хүүхдээ аз жаргалтай өсгөх нь” сэдэвт өглөөний уулзалтыг өнөөдөр 10.00-12.00 цагт зохион байгуулах аж. Сонирхсон хүн бүр эл уулзалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэнэ.
БҮТЭЭЛ ХЭРХЭН “ТӨРДӨГ” ТҮҮХТЭЙ ТАНИЛЦААРАЙ
Улаанбаатар хотын төв номын сан “Номт болжмор” компанитай хамтран хүүхэд бага чуудад ном бүтэх үйл явцыг таниулах арга хэмжээг энэ сарын 23-26-нд зохион байгуулж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүд зохиолч, зураачидтай уулзаж, хайртай дүрүүдээ хамтдаа зуран, бүтээх боломжтой юм. Уулзалтад “Номт болжмор”-ыг үүсгэн байгуулагч, хүүхдийн зохиолч Б.Энхжаргал болон “Бор халзан туулай”, “Сургуульд юу болдог вэ”, “Ягаан машинтай найз” зэрэг номын зураачид оролцож, ном хэрхэн “төрдөг” тухай сонирхолтой түүхээсээ хуваалцах аж.
ҮНДЭСНИЙ НОМЫН САНД ШУА 1900 ГАРУЙ БҮТЭЭЛ ХАНДИВЛААД БАЙНА
Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндэсний номын сангийн төв болон салбар байруудад тогтмол хэвлэл, номын үзэсгэлэн дэлгэжээ. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд ШУА болон Үндэсний номын сан хамтран “Эрдэм номын чуулган” аяныг “Нэг ном-Мянган боломж” уриан дор найм дахь жилдээ зохион байгууллаа. Уг аянаар ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд өмнөх онд туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээ номын сангийн сан хөмрөгт хандивлаж, уншигч, судлаачдын гарт хүргэдэг уламжлалтай. Тэд 2019 оноос хойш нийт 1900 гаруй ном, товхимол хүлээлгэн өгсөн нь үндэсний сан хөмрөгийг баяжуулах төдийгүй шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тус номын сангийнхан онцоллоо.
“ӨВРИЙН ДЭВТЭР” ӨГҮҮЛЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦООРОЙ
Монгол Улсад хүүхдийн хэвлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Өврийн дэвтэр” хүүхдийн уран зохиолын уралдаан зарлалаа. “Бичсэн үг бүр ертөнцийг өөрчилж чадна” уриан дор зохион байгуулж буй тус уралдаан нь хүүхдийн уран зохиолын хөгжлийг дэмжих, залуу авьяастнуудыг нээн илрүүлэх зорилготой. Мөн өсвөр үеийнхний гоо зүйн боловсролыг дээшлүүлж, тэднийг бүтээлчээр сэтгэх, ном унших, бичих дадал хэвшилд хөтлөхөд чиглэжээ. Уралдаанд оролцогчид хүүхэд, өсвөр насныханд зориулсан чөлөөт сэдэвт богино өгүүллэгээр өрсөлдөх бөгөөд бүтээл нь 8001500 үгтэй, Word, эсвэл PDF форматтай байх шаардлагатай аж. Бүтээлийг ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл цахим шуудангаар хүлээн авах бөгөөд шилдэг оролцогчдыг эхний гурван байрт шалгаруулж урамшуулах юм байна.
НОМЫН “ХОРХОЙТНУУД”-ЫН ХҮСЭН ХҮЛЭЭДЭГ БАЯР ИРЭХ САРЫН 15-НД ЭХЭЛНЭ
39 дэх удаагийн Үндэсний номын баяр ирэх сарын 15-нд эхлэх бөгөөд гурав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ удаагийн номын баяраар сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг уриалж буйгаараа онцлог. Үүний хүрээнд “Сэтгэл тэжээх 50 ном”-ын жагсаалтыг танилцуулж, “Мэргэн ном” цомын эзэд болон “Номын сайн нөхөр”-ийг урамшуулах юм байна. Түүнчлэн энэ үеэр 2025-2026 оны уншлагын жилийн амжилтаа дүгнэж, “Байгаль экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааны шилдгүүдийг шалгаруулахаар төлөвлөжээ. Эл уралдаан нь хүн ба байгалийн зохистой харилцааг төлөвшүүлэх, экологийн боловсролыг тү гээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.