Орос-Украины хоорондын дайнд аль аль талд нь гадаадын иргэд үнэ хөлсөөр байлдаж байдаг нь нэгэнт ил болсон. Украинд бүр Зэвсэгт хүчинтэй нь албан ёсоор гэрээ байгуулж, интернационал нэгтгэл байгуулж, түүнд нь АНУ, Британи, Польш, Балти орчмын орнуудын, түүгээр ч барахгүй Орос, Беларус, Гүржийн иргэд сайн дураар орж, Оросын эсрэг тулалдаж явдаг байна. 2022 онд ийм хүмүүсийн тоо 20 мянга хүрч байжээ.
Тэгвэл Оросын тал ихэвчлэн цэргийн компаниудаар уламжлан гадаадын иргэдийг элсүүлдэг байна. Оросын байнгын армид алба хаавал хялбаршуулсан байдлаар иргэн болгоно гэх амлалт ч бас өгдөг аж. Оросын армид одоо Непал, Энэтхэг, Куба, Серби болон Төв Азийн орнуудын уугуул иргэд байлдаж яваа. 2026 оны саяхны байдлаар гадаадын 300 гаруй хүн тулалдаж яваа гэх баримт байна. Энд эд материалын ашиг харж, Зэвсэгт хүчний нь бү рэлдэхүүнд албан ёсоор оролгүй тулалдсан хү мүүсийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёогоор “хөлсний цэргүүд” гэдэг. Орос, Украины аль нь ч өөрийн талд байлдаж яваа гадаадын иргэдийг ийн нэрлэхгүй байгаа юм байна.
Одоогийн байдлаар Оросын талд байлдаж явсан гадаадын 300 гаруй цэрэг Украинд олзлогдоод байгаа гэж Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига саяхан мэдээлсэн байх юм. 2025 оны наймдугаар сард Оросын талд байлдаж байсан 32 улсын 100 гаруй иргэн Украинд олзлогдсон байжээ. Тэдний олонх нь Төв Азийн орнуудын, тэр дундаа Узбекистан, Тажикистаны иргэд дийлэнх нь, Непал, Беларусь, Шри-Ланка, Казахстан, Йемений уугуулууд ч байв. Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр Украины талд гадаадын хөлсний 10 мянга орчим хүн байлдаж буйн олонх нь Латин Америкийн орнуудаас иржээ. Тэгэхдээ энэ нь Украины зэвсэгт хүчний дотор онцгой үүрэг гүйцэтгэх хэмжээ биш гэнэ. Уг мэдээнд өгүүлснээс үзвэл 2022 онд Украинд ихэнхдээ Европ, Америк, Канадын иргэд тулалдаж байсан бол одоо үлэмж цөөрсөн байна. Энэ нь юуны урьд санхүүтэй холбоотой. Украинд хөлсний цэрэг нэг сард 3000 ам.доллар авдаг нь Латин Америкийн зарим орны иргэдийн хувьд шаггүй орлого юм байна. Хоёр дахь шалтгаан нь байлдааны туршлага олж авч, Украины зэвсэгт хүчнээс 3-5 дахин илүү хөлс өгөх хар тамхины гэмт хэргийн бүлэглэлд түүнийгээ ашиглуулах зорилготой байдаг аж.
Оросын арми Киевт ойртож ирээд байсан дайн эхэлсний дараах гурав хоногт Украины Ерөнхийлөгч “Украиныг хамгаалахад оролцох хүсэлтэй найз, нөхөд минь бүгд хүрээд ирцгээ, та нарт зэвсэг өгнө” хэмээн дэлхий дахинд хандаж байжээ. Үүнийхээ маргааш нь л сайн дурынханд зориулсан Газар нутгаа хамгаалах интернационал легион гээчийг байгуулсан байна. Долоо хоноход Украинд суугаа 50 гаруй улсын Элчин сайдын яаманд иргэд нь үүнд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Украин руу Орос довтолсон тухай мэдээг 40 настай Иссак Ольверад Хьюстонд ажил дээрээ байхдаа сонссон байна. 2019 онд Украинд богино хугацаанд амарч байсан, тэнгисийн явган цэрэгт 15 жил алба хаасан Ольверад Украины Ерөнхийлөгчийн хэлсэн үг яг өөрт нь зориулсан юм шиг санагдаад явчихаж. Тун удалгүй ПольшУкраины хилийг даван “Интерноционал легион” гэсэн бичигтэй асар луу тэр хүрээд очив. Эхний тулааны дараа л сайн дурынхан тарж гэрээдээ явцгаасан гэж Ольвера дурсамждаа бичсэн байна. Ольвера ч цэргээс халагдсан ч одоо хэр нь Украинд аж төрж фронтод зэвсэг нийлүүлдэг сайн дурын байгууллагад ажиллаж байдаг аж. Украины парламент (Дээд Рада) гадаадын дайчидтай байгуулах гэрээний нөхцөлөө 2024 оны хавар өөрчилж, туршилтын хоёр сарын хугацаа өнгөрөөд дайчдыг халж явуулах эрхийг командлалд нь олгосон байна. Колумб улсаас Украинд байлдахаар хүмүүс ирэх болов. 50 жил үргэлжилсэн иргэний дайн нь саяхан зогссон тус улсын зэвсэгт хүчний хэмжээ эрс хумигдаж, 40 жилийн турш өгч байсан 400 доллар орчмын цэргийн тэтгэврээс нь Украины тэргүүн шугамд байлдахад өгөх 120 мянган гривен долоо дахин их мөнгө байв. Гэтэл колумбчуудын байлдааны туршлага тийм ч гойдгүй, тэд партизанууд болон хар тамхины бүлэглэлүүдтэй ширэнгэн ойд тулалдаж байж, гэтэл одоо тэдний өмнө пуужин, дронтой том арми зогсож байлаа. Түүнээс гадна шинэ хүмүүсийг фронт руу илгээхийн өмнө бэлтгэх хэрэгтэй бөгөөд үүнд даруй нэг бэрхшээл тулгарсан нь колумбчуудын дотор англи хэл гадарлах хүн цөөн, украинчууд нь болохоор испани хэлэнд тун маруухан.
Өнөөгийн байдлаар хуурай замын хүчинд алба хааж буй гадаадын хүмүүсийн 60 орчим хувь нь Өмнөд болон Төв Америкийн орнуудын иргэд байгаа юм байна. 2026 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч Зеленский гарын үсэг зурсан гадаадын дайчдын нийгмийн баталгааны тухай хуулиар энэ оны тавдугаар сараас Зэвсэгт хүчнээс халагдсан сайн дурын цэргүүд хагас жил Украинд амьдрах эрхтэй болжээ. Хэдэн жилийн өмнөх түүх сөхвөл Украины олон улсын легионд 2022 оны гуравдугаар сарын эхээр 550 канад хүн бүртгэлтэй байсан бол Бельгийн Батлан хамгаалахын сайд Людивин Дедондор цэргийн нэг алба хаагч нь Украины олон улсын легионд орохын тулд армиас халагдсан, бас нэг нь энэ зорилгоор шууд оргосон гэж, Шинэ Зеландын Батлан хамгаалахын сайд байсан Рон Марк 20 орчим иргэн нь Украинд байлдаж яваа хэмээн мэдээлж байжээ. Хууран мэхлэх аргаар элсүүлсэн Африкийн орнуудын 1780 хүн Оросын талд байлдаж байна гэж Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига хоёрдугаар сарын 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэлж байжээ. Европын Холбооны гишүүн Герман, Польш, Британи, Нидерланд, Дани, Франц, Швед улс Украинд хүнд зэвсэг, санхүүгийн, Канад, Австрали улсууд Украины цэргийнхнийг сургахад, техник нийлүүлж, Норвег, Финлянд, Швед улсууд санхүү, цэргийн тусламж үзүүлж байна. Түүнчлэн аюулгүй байдлын талаар Британи, Герман, Франц, Дани, Итали, Канад, Нидерланд, Финлянд улстай Украин удаан хугацааны гэрээнд гарын үсэг зураад байгаа. Оросын талд үндсэрхэг үзэлтнүүд, хөл бөмбөгийн фанатууд, казахууд, гадаадын хөлсний дайчид, Донбасс дахь салан тусгаарлагчид, хувийн цэргийн компаниуд, хоригдлуудыг дайнд ашиглаж байна. Уг нь бол Орост хөлсний хү мүүсийг зэвсэгт хүчинд ашиглахыг албан ёсоор хориглодог ч “Вагнер” нэртэй хувийн цэргийн компанийн гэх хөлсний цэргүүд 2022 оны гуравдугаар сард фронт дээр гарч иржээ. Тэднийг Батлан хамгаалах яам нь гэрээ байгуулан фронт руу илгээсэн байна. Мөрдөн шалгах ажлын дүнд тодорхой болсноор “Редут” гэдэг хувийн цэргийн компанийн дайчдыг 2021 оны эцсээр Донбасс руу явуулж байж. “Конвой” гэдэг хувийн цэргийн компанид сайн дурынхныг элсүүлэх ажлыг Крымд 2022 оны эцсээр эхэлжээ. Оросын төрийн өмчийн “Газпром” корпорац 2022 оны наймдугаар сараас өөрийн цэргийн гурван батальон байгуулсан байх юм. Оросын нэг олигарх Олег Дерипаскагийн байгуулсан хувийн цэргийн хоёр компанийн дай чид Оросын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтан Украины өмнөдөд байлдаж байгаа аж.
Оросын эрх баригчид Араб, Африкийн орнуудаас ирсэн дүрвэгчдийг мэхлэн иргэнээ болгох нэрээр дайн руу илгээж байдаг юм байна. Юуны түрүүнд Сирийн хөлсний цэргүүдийг энэ зорилгоор ашиглажээ. Тэднийг сард 200-300 ам.долларын хөлсөөр элсүүлсэн байна. Тэдний хангамжийг Батлан хамгаалах яам, орон нутаг хувааж хариуцдаг аж. Амиа алдвал гэр бүлд нь 12.3 сая хүртэлх рублийн төлбөр өгнө. Шорон, хорих газруудаас ч дайчид элсүүлнэ. Ийм ажил эрхлэгчид Оросын Европын хэсэгт байгаа чанга дэглэмтэй колониудаар явж байжээ. Одоо талийгаач болсон “Вагнер”-ийг үүсгэн байгуулсан Евгений Пригожин өөрийн биеэр хоригдлуудтай уулзаж, хувийн цэргийн байгууллага гээчийнхээ эгнээнд орохыг уриалж явсан байдаг. Тэдэнд сард 100 мянган рубль өгөхөөс гадна шагнал, урамшуулал, гэр бүлд нь тэтгэмж өгч, өршөөл үзүүлж, шүүхээр шийтгүүлэх ялаас чөлөөлөхөөр амлаж байв. Ийм маягаар нэг удаад 9700 хүн элсүүлж байсан гэх баримт байдаг. Хоригдлуудыг армийн эгнээнд элсүүлэх ажилд Батлан хамгаалах яам ч оролцох болсон байна. Хөлсний цэргүүдийн гэрчилснээр айхтар бэхэлсэн дайсны байрлалыг эзэлж авахын тулд тэднийг сумны бай болгодог байна. Украины Луганск, Донецкийн БНУ-д хөлснийхний хүлээсэн хохирол үлэмж их.
Туршлагажсан хөлсний цэргүүд эсрэг армийнхаа тэргүүн шугамд байгаа ангиудад “даруйхан бууж өгдөг” байна. “Новая газета” сонинд өгүүлсэн баримтаар бол 2022 оны наймдугаар сард хөлсний цэрэг элсүүлэх ажлыг ил задгай эрхэлдэг 52 батальон байжээ. Орос, Украины дайнд Оросын талд наад зах нь 48 улсын хөлсний цэрэг байлдаж явна. 2023 оны дөрөвдүгээр сараас 2024 оны тавдугаар сарын хооронд Оросын армид гадаадын 1500 хүнийг дайчилсан байна. Хөлсний дайчид дотор тооны хувьд Өмнөд болон зүүн Өмнөд Азийн орнуудын иргэд (771) толгой цохиж, дараа нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан (523 хүн) болон Африкийн орнуудын хү мүүс (72) орж байна. Непалаас олон хүн (603) Орост иржээ. Непалын эрх баригчид иргэдээс нь хөлсний цэрэгт авахгүй байхыг Кремлиэс хүссэн ч элсүүлэх үйлдэл үргэлжилсээр байгаа аж. Оросын эрх баригчид “нөхөрсөг бус харилцаатай” гэж зарласан орнуудаас ч Украины эсрэг байлдахаар хүмүүс ирээд л байдаг юм байна. Тэдний дотор Америкаас хоёр, Европын орнуудаас, тухайлбал Латвиас дөрөв, Франц, Италиас тус бүр хоёр хүн иржээ. Европын орнуудаас Сербийн иргэд илүүтэй ирсэн байна. Ойрх Дорнодоос хөлсний 71 дайчин ирсний 31 нь Египет, Иран, Алжирын тус бүр долоо, Иракийн хоёр, Сири, Туркийн тус бүр нэг иргэн байгаа гэнэ. Ажилгүйдэл, ядуурал өндөр түвшинд байдаг Африкийн улсуудаас 72 хүн элссэний 26 нь Гана, 10 нь Камеруны, найм нь Сенегалынх аж. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Тажикстаны 86, Беларусийн 71, Узбекистаны 71, Киргизийн 64, Казахстаны 59 хүн Оросын армид Украины эсрэг байлдаж байна.
Украины талын мэдээлснээр Оросын цэргүүдийн дунд дэлхийн 135 улсын 27 мянга гаруй хөлсний цэрэг байгаа гэнэ. Тэднээс 300 гаруй нь Украинд олзлогджээ. Энэ дайнд Оросын талд Иран, Умард Солонгос, Хятад улсууд цэргийн болон техникийн шууд тусламж үзүүлж байна. Тэд нисгэгчгүй төхөөрөмж, пуужин, давхар зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Беларусь газар нутаг, дэд бүтцээ ашиглуулж байна. Иран “Shahed” дрон болон баллистик пуужингаар туслаж байв. Умард Солонгос их бууны сум, пуужин болон Орост хэрэгтэй бусад зүйлээр тусалж байна. Оросын эдийн засгийн гол түнш нь болж байгаа Хятад улс электрон төхөөрөмж, суурь машин, зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай технологи нийлүүлж буй. Төв Азийн зарим орон, Венесуэл, Куба, Мьянма, Сири гэх мэт улс төвийг сахиж, Оростой холбоогоо таслахгүй, тавьсан хоригийг гэтлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.
Р.Жаргалант