Хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд резинэн шалтай, хуванцар тоглоомоор тохижуулсан хиймэл орчноос илүүтэй хөрс, шороо бүхий “амьд” байгальд тоглуулах нь үр дүнтэйг Финландын эрдэмтэд онцолжээ. Бидний хамгийн аюулгүй, цэвэрхэн гэж итгэдэг хиймэл орчин нь үнэндээ хүүхдийн дархлааны тогтолцоог сулруулж, бие махбодыг өвчлөлд өртөмтгий болгох эрсдэлтэй гэнэ.
Угтаа хөрс, шороотой хутгалдаж, малын хойноос гүйж өссөн хөдөөгийн хүүхдүүд харшил гэдгийг мэдэхгүй, чийрэг торнидог нь нууц биш. Финландын Хельсинки болон Тамперегийн их сургууль, Байгалийн нөөцийн хүрээлэнгийн эрдэмтэд үүнийг туршилтаар нотлоод зогсохгүй, хүрээлэн буй орчны бичил биетүүд хүний танин мэдэхүйн чадварт ч эерэг нөлөө үзүүлдгийг 2025 оны нэмэлт судалгаагаараа тогтоожээ. Тиймээс хүүхдийг хэт цэвэр орчинд тусгаарлах бус, байгальтай ойр байлгах нь хамгийн шилдэг “вакцин” болох нь. Судалгаанд Финландын Лахти болон Тампере хотын 10 цэцэрлэгийн 3-5 насны 75 хүүхдийг хамруулсан байна.
Судлаачид дөрвөн цэцэрлэгийн бетонон талбайг ойн ургамал, хөвд, зүлгээр орлуулж, зургааг нь хэвээр үлдээж харьцуулсан аж. Хүүхдүүд 28 хоногийн турш өдөрт дунджаар 90 минутыг энэхүү “бяцхан ой”-доо өнгөрүүлж, байгальтай харьцахад бие махбодод нь гайхалтай өөрчлөлт гарчээ. Тодруулбал, цусны шинжилгээгээр тэдний арьс болон гэдэсний бичил биетний төрөл, зүйл эрс олширч, үрэвслийн эсрэг цитокин уургийн түвшин нэмэгдэн, Т-эсүүд нь илүү идэвхэжсэн байна. Энэ нь дархлааны тогтолцоо гаднын нөлөөнд хэт мэдрэг хариу үйлдэл үзүүлэх буюу харшил төрөх эрсдэл буурч, бие махбодын өөрийгөө хамгаалах чадвар бэхэжсэнийг нотолж байгаа юм.
У.Цэцэг