“Гар хөдөлбөл ам тосдоно”, “Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэрт хоолгүй” гэх мэтээр ажиллаж, хөдөлмөрлөхийн сайхныг, үр шимийг нь бахадсан зүйр үг олон бий. Гэтэл ажиллаад, хөдөлмөрлөөд, хичээгээд байхад л амаа тосдож чаддаггүй, амьжиргаа нь дээшилдэггүй нөхцөл манай улсад үүсээ юү дээ. Тодруулбал, татварын болон нийгмийн даатгалын байгууллагад өртэй маш олон компани бий болсон. Тэдгээрийн өр, төлбөр ихсэхэд төрийн албаныхны зүгээс дансыг нь хааж, хөрөнгийг нь битүүмжлэн “шийтгэдэг”. Ийм дансанд орлого орох боловч, зарлага хийж, удирдаж болдоггүй. Бүр нийгмийн даатгалын шимтгэл, татварын өрөө төлөх, цалингаа тавих ч боломжгүйгээр “барьчихдаг”. Сүүлдээ татварынхан болон нийгмийн даатгалынхан аж ахуйн нэгжүүд рүү утас цохин, “Өрнөөсөө хэзээ, хэдийг нь төлөх вэ. Тэдийг тэдэнд өгнө гэдгээ тодорхой хэлчихвэл дансыг чинь нээе” хэмээн “наймаалцаж” ч байх шиг. Яагаад дансаа хаалгахдаа хүрэв, ер нь үйл ажиллагаагаа явуулахад тулгарч буй бэрхшээл, татварын орчны талаар компаниудын төлөөлөл ийн ярьж байна.
Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй “LKG инженеринг” компанийн төлөөлөл “Манайх барилга угсралтын чиглэлээр 16 жил үйл ажиллагаа явуулаад одоо дампуурлын ирмэгт хүрлээ. Учир нь нийгмийн даатгалд 200 гаруй, нэмэгдсэн өртгийн албан татварт 310 сая төгрөгийн өртэй. Ах дүү нар нийлж байгуулсан, хамаатан саднаараа хамтран ажлаа явуулдаг дундын компани. Нийгмийн даатгалын шимтгэлд компаниас 12.5, ажилчнаас 11.5 хувь авч байгаа юм. Энэ нь бид нэг халааснаасаа л 24 хувийн татвар төлдөг буюу олсон дөрвөн төгрөг тутмынхаа нэгийг хураалгаж буй хэрэг. Нэмээд хүн амын орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө. Энэ нь 20 хувь бөгөөд татварт ашиг, орлогынхоо 44 хувийг суутгуулчихдаг юм. Мөн барилгын салбарт хэт хөөсрөл үүсэн, орон сууцын үнэ нэмэгдсээр борлуулалт муудсан. Өдгөө Улаанбаатарт байгаа хоосон байшин, орон сууц хэд болсныг тоолох аргагүй. Энэ хэрээр барилгын салбарынхан, туслан гүйцэтгэгч нарт ирэх ажлын хөлс удааширна. Ажлын хөлсөө авч чадахгүй учраас цалингаа тавьсан ч, татвараа хойшлуулна. Гэх мэтээр явсаар татвар, шимтгэлийн өр ихсэн, дансаа хаалгах, компаниа дампууруулахдаа хүрээд байна. Одоо эл асуудлыг төрөөс зохицуулж, нэг удаагийн татварын өршөөл үзүүлбэл сайн сан” гэлээ.
Баянгол дүүргийн иргэн Д.Отгонбаяр “Манайх тохижилт, үйлчилгээний компани бөгөөд улирлын чанартайгаар ихдээ 50-60 хүн ажиллуулж, өдрийн 80 000-100 000 төгрөгийн цалин олгодог. Үндсэн бус, гэрээт ажилчид ихэвчлэн ажиллуулдаг тул тэд цалингаасаа татвар төлөх ойлголт байхгүй. Хүн өдрийн 100 000 төгрөгийн хөлс тутмаасаа 10 000-ыг нь суутгуулна гэхээр уурладаг. Бас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс ч татгалздаг. Бид ч ажилчдаа тогтвортой ажиллуулахын тулд шимтгэлгүй дүнгээр цалинг нь олгож ирснээс болж нийгмийн даатгал, татварт одоогоор 98 сая төгрөгийн өртэй болчихоод байна. Үүнээс нийгмийн даатгалынх нь 65 сая байгаа бөгөөд данс хаачихсан. Мэдээж анхнаас нь ажилчдаасаа татвар суутгалгүйгээр өрөнд орсон бидний буруу. Ерөнхийдөө татварын хэмжээ өндөр учраас ажилчин ч, ажил олгогч ч төлөхөөс татгалзаад байгаа хэрэг. Ажил хийх гэж ирсэн хүн бүр л татвар төлөөд ямар нэмэр байна. Төрийн үйлчилгээ авч чаддаггүй, амьдралын чанар өдөр ирэх бүр муудаж, баян, хоосны ялгаа гаарч байна шүү дээ гэдэг” хэмээв.
Баянгол дүүрэгт бүртгэлтэй нэгэн тавилгын компанийн захирал Ж.Түвшин “Манайх нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй, банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй, чадан ядан л үйл ажиллагаа явуулж байна. Бид тогтмол 10 хүн цалинжуулж ажиллуулдаг бөгөөд нэг нь сард дунджаар гурван сая төгрөг авдаг. Цалингийн зардалд сард 30 сая төгрөг зарцуулдаг бол татвар, шимтгэлд шууд 10 гаруй саяыг тушаадаг. Хэрэв цалингаа тавих мөнгө хүрэлцэхгүй бол татвар, шимтгэл төлөлтөө л хойшлуулахаас аргагүй болдог. Бас тавилгын үндсэн болон туслах материалын үнэ тогтмол өсөж, тээврийн зардал нэмэгдэж байгаа нь ашгийг бууруулдаг. Гэтэл татварыг борлуулалтад үндэслэн тогтоодог бөгөөд цэвэр ашгийг харгалздаггүй. Нэмээд НӨАТ төлж байгаа юм. Аргаа бараад захиалагчдаасаа НӨАТ төлсөн, эсвэл төлөөгүй дүнгээр тавилгаа авч болно гэж санал болгосон. Үүнийг татварын байгууллагаас шалгаад НӨАТ-тай дүнгээр борлуулалт хий гэсэн. Татварын зөрчил илэрвэл бас торгуулна. Монголд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх аргагүй боллоо” гэлээ.

“ДАНСЫГ НЬ АХИАД ХААХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ, ХУУЛЬ НЬ ТИЙМ ЮМ”
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг дурын аж ахуйн нэгж, компанийн төлөөллөөс асуухад дээр дурдсан шиг хариулт өгөх байх. Татварын өр, төлбөр хэтэрсэн, нийгмийн даатгалын шимтгэлээ олон жил төлөөгүй, улмаар дансаа хаалгасан гэж мэдүүлнэ гэсэн үг. Тэгвэл эл асуудлыг яаж шийдэх вэ. Яавал төр, хувийн хэвшил хооронд хур өр үүсэхгүй, бас аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг, өрийн дарамтад өртөхгүй байж болох бол. Аж ахуйн нэгжүүдийн дансыг хаах журам бий, эсэх талаар Татварын ерөнхий газрынхнаас тодрууллаа. Тус газрын Олон нийттэй харилцах төвийн ажилтан “Аж ахуйн нэгжүүдийн дансыг хаах, хөрөнгийг битүүмжлэх, татварын өр, төлбөрөө барагдуулахыг шаардах эрхийг татварын байцаагчдад хуулиар олгосон. Ийм эрхээ хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өр, төлбөрөө төлсөн тохиолдолд авсан арга хэмжээг цуцалдаг. Харин Ерөнхий сайдын тушаалаар энэ сарын эхний долоо хоногт 12 153 аж ахуйн нэгжийн дансны битүүмжлэлийг арилган, өрөө төлөх 1-2 сарын хугацаа өгсөн. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд нийт 3.7 их наяд төгрөгийн өр хуримтлагдаад байв. Үүнээс одоогоор буюу дөрөвдүгээр сарын 7-ноос 21-нд 1578 компани 43.6 тэрбум төгрөгийн татвараа төлсөн. Хэрэв татвараа үргэлжүүлэн төлөхгүй бол дансыг нь ахиад хаахыг үгүйсгэхгүй. Хууль нь ийм юм л даа” гэлээ.
Манай улсад бүртгэлтэй 265 000 орчим аж ахуйн нэгжээс ойролцоогоор 117 000 нь үйл ажиллагаа явуулж буй гэсэн статистик байна. Энэ нь бүртгүүлсэн компаниудын дөнгөж 40 гаруй хувь нь л хэвийн ажилладаг гэсэн үг. Эдгээрээс 2025 оны сүүлийн байдлаар 16 000 орчим нь татварын өрнөөс болж дансаа хаалгасан байжээ. Тэгвэл дээр дурдсанчлан энэ сарын 7-нд Ерөнхий сайдын шийдвэрээр татварын өртэй 12 153, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 аж ахуйн нэгж, компанийн дансыг нээсэн. Эдгээр нь татварын байгууллагад ойролцоогоор 3.7 их наяд, нийгмийн даатгалын санд мөн их наядаар хэмжигдэх төгрөгийн өр үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй хоёр компанийн нэг л үйл ажиллагаа явуулж байгаа бол 10 компани тутмын нэг нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэж дансаа хаалгуулсан гэсэн үг.
ТАТВАРЫН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ
Ер нь манай аж ахуйн нэгжүүдийг НӨАТ, НДШ, АМНАТ л сөхрүүлчихээд байгаа юм. Нарийвчилж тооцвол НӨАТ, НДШ, АМНАТ ногдсон хувийг бүрэн төлдөг, өр үүсгэдэггүй ганц ч компани олдохгүй болов уу. Уг нь борлуулалт хийж, ашиг олж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр татвар төлөх ёстой. Гэтэл татварын өр өсөөд байна гэдэг нь эл үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа хэрэг. Энэ талаар санхүү, татварын зөвлөх үйлчилгээний “Бодит кредит” компанийн зөвлөх А.Мөнхзаяа “Монголд цалин, тэтгэвэр өсөж, компаниудын борлуулалт нэмэгдсэн ч инфляц, валютын ханш, импортын хамаарлаас шалтгаалж бодит ашиг улам багасаж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар ногдуулах дүн, босгыг өөрчилж, цэвэр ашгаас тооцдог болгохгүй бол компаниуд өсөн дэвжиж чадахгүй. Таван жилийн өмнө таван тэрбум төгрөгийн орлоготой байсан аж ахуйн нэгжүүд өдгөө ашиг нь өсөөгүй ч ханшийн зөрүүнээс шалтгаалж 7-8 тэрбумын орлоготой харагдаж, түүнээсээ татвар төлөх болчихдог. Мөн НӨАТыг ялгавартай тогтоодог, бүх аж ахуйн нэгжийг хамруулж чаддаггүй асуудлыг өөрчлөх хэрэгтэй. Эдийн засгийг дэмжих зорилгоор хэчнээн төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ч татварын орчин, хувь хэмжээг өөрчлөхгүйгээр амжилтад хүрэхгүй” гэлээ. Тэгвэл эдийн засагч, санхүүгийн шинжээч Ч.Батсуурь “Татвар, нийгмийн даатгалын өр өссөөр байгаа нь аж ахуйн нэгжүүд ашиггүй ажиллаад, татварын дарамтад өртөөд байгаа юм биш. Манай улсын татварын хэмжээ дэлхийн дунджаас өндөр ч биш. Харин мэдээлэл улам бүр ил болж, төрийн болон хувийн хэвшлийнхний хоорондын уялдаа сайжирч, цахим хяналт дээшилснээр далд хөрөнгүүдийг илрүүлж, орлогоо нуух, хуйвалдах нөхцөл хумигдсан хэрэг. Мөн компани байгуулж, бүртгүүлсэн ч огт үйл ажиллагаа явуулахгүй байх, улмаар дансаа хаалгах тохиолдол олон байдаг. Эдийн засгийн өсөлт саарч, санхүүгийн дарамт үүссэнээс аж ахуйн нэгжүүд татварын өртэй болсон гэж буй ч хяналт сайжирсан, орлого, зарлага, гүйлгээ ил болсон нь татвараас зайлсхийх нөхцөлийг хумьж, өр үүсгээд байна. Би ингэж хэлнэ” гэсэн юм.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын ачааллыг бууруулах зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгохоор яригдаж буй. Мөн НӨАТ-ын хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлэхээр хуульд тусган, ирэх оноос мөрдүүлэх төлөвлөгөө бий. Эл шийдвэрийг албажуулан хэрэгжүүлбэл нөхцөл байдал дээрдэх байх. Мөн компаниудын дансыг хаалаа гээд татвараа төлчихгүй. Аж ахуйн нэгжүүд дансаа удирдаж, мөнгөө захиран зарцуулж байж хүндрэлээс гарна. Данс хаах нь аргаа барсан, бүдүүлэг арга бөгөөд ийм нөхцөлд хүрээд хаагдсан данснуудыг Ерөнхий сайд нээх шийдвэр гаргадаг нь ч өрөөсгөл. Нэг удаагийн шийдвэрээр бас цэгцэрчих асуудал ч биш.
Үүнээс гадна татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг нэг удаа цайруулах, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн өршөөл үзүүлж, хаана хаанаа ачаа дарамтнаасаа хөнгөрвөл ямар вэ гэсэн шийдэл яригдсан. Энэ талаар Сангийн яамны төлөөлөл “Дийлэнх татвар төлөгч үүргээ ухамсарлан цаг тухайд нь татвараа төлдөг бөгөөд өршөөл үзүүлэх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгч, хариуцлагатай, шударга татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг үл ойшоох, хохироох, цаашид үүнээс зайлсхийх сэдлийг төрүүлэх уршигтай. Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй, үндэслэлгүй, нуугдмал, авлигынх байж болзошгүй хөрөнгө, орлогыг өмнө нь өршөөн, татварын хариуцлагаас чөлөөлснөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл үүсгэсэнд тооцогдон манай улс “Саарал жагсаалт”-д орсон, өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр. Тиймээс татварын шинэчлэл хийх, НӨАТ, АМНАТ ногдуулах хувь, босгыг өөрчлөнө үү гэхээс өршөөл үзүүлэх, эсэх асуудал сөхөгдөхгүй” гэлээ.