Авлигатай тэмцэх газрын даргын суудал эзгүйрээд нэлээд удсан. Тус газрын удирдлагуудтай холбогдох шүүхийн эцсийн шатны шийдвэр гарснаас хойш шинэ даргын марафон Ерөнхийлөгчийг тойроод маш нууц байдалд эхэлчихсэн байгаа юм байна. Авлигачдад аянга, магадгүй өршөөгч болж эрхмийн нэр хэн бэ гэсэн асуулт хариултаа нэхсээр л байна. Тэр хүний нэрийг Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж УИХ-д санал болгох ёстой юм. Уржигдар болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулах болов уу гэтэл тэгсэнгүй. Харин Н.Энхболд Ерөнхийлөгчийг УИХын дарга шавдуулах хэрэгтэй гэсэн үг хэлснээс өөр энэ тухай яриа болсонгүй.
АТГ-ын дарга, орлогч асан Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарт оноосон ялын талаар Улсын Дээд шүүхээс Ерөнхийлөгч, УИХ-д албан тоот ирүүлэх учиртай гэнэ. Түүнийг нь хүлээж байгаа гэсэн тайлбарыг албаны хүмүүс өгөв. Гэтэл гишүүн З.Энхболд “Ял оноосон тул албан тушаалаас нь чөлөөлнө үү гэсэн нууцын зэрэглэлтэй албан бичиг Шүүхээс ирүүлсэн. Түүнийг алга болгосон” гэж ярьжээ. Үнэхээр тийм бичиг ирсэн бол УИХ-ын Тамгын газар юм уу, ХЗБХ-ны даргаар дамжих ёстой. Тус Байнгын хорооны дарга Д.Одбаяр ч тийм бичиг ирээгүй гэж байна. АТГ-ын дарга болох хүн, түүний талаар албан тоот УИХ-д ирсэн. Тамгын газрын дарга нь тэр бичгийг спикерт хүргүүлсэн гэх яриа харин өчигдөр Төрийн ордноор тэнүүчилж байв. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой холбогдож энэ талаар тодрууллаа.
-АТГ-ын даргаар томилуулах хүнийхээ нэрийг Ерөнхийлөгч УИХ-ын даргад хүргүүлсэн гэх яриа гарчээ. Энэ мэдээлэл үнэн үү?
-Худлаа. Тамгын газраар дамжих ёстой. Надад албан бичиг ирээгүй. Хууль зүйн байнгын хороогоор дамжуулж УИХ-ын даргад бас хүргүүлж болно. АТГ-ын даргаар томилуулах хүний нэрийг ойрын үед танилцуулах байх.
-АТГ-ын даргыг томилолгүй удаж байна шүү дээ. Ерөнхийл өгчийг УИХ-ын дарга шавдуулж болдоггүй юм уу. Албан тоот явуулж болох уу?
-Хууль зүйн байнгын хорооныхон Ерөнхийлөгчийн Тамгын газартай энэ асуудлаар байнга харилцаж байх учиртай.
Э.ТӨР