С.БАТБОЛД (Монгол Улсын Ерөнхий сайд)
Зүй ёсных гэж хэлж огт боломгүй ч ирэх сонгуулийн өрнөл болсон огцруулах оролдлогыг тэр ажралгүй даван туулж чадав. Засгийн газрын үйл ажиллагааны талаар УИХ-д хийсэн мэдээлэлдээ эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн бодлогынхоо мөн чанар, хэрэгжилт, үр дүнг оновчтой тайлбарлаж чадсан нь байр сууриа олонд ойлгуулж, зөв замаар яваа гэсэн итгэл үнэмшлээ баталгаажуулахад чухал алхам болов. Хэдийгээр “тараах”, “үрэлгэн” гэх мэт янз бүрээр өөлж байгаа ч амласандаа хүрэхийг зорьсон төсвийн тодотголоо батлуулж, “хөгжлийн” гэж нэрлэгдэж байгаа шинэ төсвөө УИХ-д өргөн барив. НҮБ-д Монгол Улс элссэний 50 жилийн ойг тохиолдуулан АНУ-д зохион байгуулсан арга хэмжээ нь улс орноо сурталчлах, Монгол гэсэн нэгэн нэрийг дэлхийд үнэлүүлэх өвөрмөц, чухал арга хэмжээ болсныг бас тэмдэглэх хэрэгтэй.

Ц.ЭЛБЭГДОРЖ (Монгол Улсын Ерөнхийлөгч)
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын ирээдүйд чухал хамаатай, улстөржүүлэх талбар энэ биш, оролцогч олон талын хамтын хүчин чармайлтад суурилсан, нийтийн эрх ашгийн илэрхийлэл байх ёстой гэсэн зарчим баримтлахыг сануулж, Монгол Улсын төр нэгдмэл байр суурьтай байгааг нотолсон нь сонгуулийн богино нүүдэл хийгчдийн санаархалд цэг тавьж чадав. Иргэнийхээ амийг төр нь хороодоггүй байх санаачилгыг дэвшүүлсэн нь дэлхий нийтийн дэмжлэгийг хүлээж, “Hands of cain” олон улсын байгууллага “Цаазгүй ертөнц” шагналаа хүртээв.
С.БАЯРЦОГТ (Сангийн сайд)
“Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүртэхгүй бол би хариуцлага хүлээнэ” хэмээсэн мэдэгдэл нь эрхэлсэн ажилдаа, өөртөө эзэн байх, хариуцлага хүлээж, үүрч чадахын үлгэр жишээ болов. Сангийн сайдын хувьд хамгийн нөр, нүсэр ажил болох Төсвийн тодотголоо батлуулж, ирэх оны төсвийн төслөө УИХ-д өргөн барьж чадсан нь өнгөрсөн сарын ажил хэрэгч төрхийн тод илэрхийлэл байлаа.
Д.ЗОРИГТ (Эрдэс баялаг, эрчим хүчний сайд)
Монголын эдийн засаг өсөж байгаа нь сайдын эрхэлж байгаа эрдэс баялгийн салбартай шууд хамаатай. “Зоригт төсвийг таргалуулдаг, бусад нь тураадаг” гэсэн өвөрмөц хэллэг хүртэл бий болсон нь залуу сайдын үйл ажиллагааны үр дүнгийн нэгэн илэрхийлэл биз ээ. Хотын агаарын бохирдлыг багасгахын тулд утаагүй зуухыг хамгийн их “зүтгүүлж” буй хүн бол тэр. Утаагүй зуух руу гэр хорооллынхон хошуурах болсон нь түүний хүчин чармайлт үр дүнд хүрч эхэлсний илэрхийлэл. Түүнчлэн утаагүй зуухтай айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлж, төлбөргүй цахилгааны хугацааг сунгасан нь иргэдийн талархлыг хүлээж байна.
П.СЭРДАМБА (Олимпийн мөнгөн медальт, боксчин)
2011 оны дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрсөн сард болов. 2008 оны Бээжингийн олимпийн мөнг өн медальт П.Сэрдамба энэ тэмцээнээс “Лондон-2012”-ын эрхээ аваад зогсоогүй, хүрэл медаль зүүж ирэв. Монголын боксын түүхэнд ДАШТ-ээс хос медаль зүүсэн анхны бөгөөд ховорхон амжилтын эзэн болсон нь аравдугаар сарын хамгийн өндөр рейтингтэй хүний тоонд гарцаагүй багтах боломжийг олголоо. Одоо түүнд зүүгээгүй медаль, хүрээгүй алдар нэг л бий. Тэр нь олимпийн аварга цол, алтан медаль.
Г.ЗАНДАНШАТАР (Гадаад харилцааны сайд)
Гадаад харилцааны залуу сайдын хувьд 2011 он их ажлын, өндөр үр дүнгийн жил байлаа. Энэ онд өндөр дээд хэмжээний зургаан зочин Монгол Улсад айлчилсан нь эх орны минь нэр хүнд дэлхийн дэвжээнд дээгүүр байр байгаагийн илэрхийлэл мөн. Тэрчлэн Баянхонгор нутгийн хүүгийн толгойлсон Гадаад харилцааны яамны хамт олны шаргуу хүчин зүтгэлийн үр дүн. Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулсан “Монгол, Оросын харилцаа ХХ зуун” үзэсгэлэн өнгөрсөн сарын онцлох үйл явдлын нэг, түүхийн балархай жимд шинэ гэгээ тусгасан үйл явдал байлаа.
Д.ДЭМБЭРЭЛ (УИХ-ын дарга)
Энэ Их хурлын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал чуулган өнгөрсөн сард нээлтээ хийв. Эрхэм спикер чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ онцлогийг хатуухан сануулав. Басхүү “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал Оюутолгойн 50 хувийг эзэмших шаардлага зарчмын бөгөөд шударга асуудал” хэмээн мэдэгдэж, “УИХ шийдвэрээ хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардана” гэсэн шударга ёс, төрийн эрх барих дээд байгууллагын мөн чанарын илэрхийлэл, олны сэтгэлд нийцэх иш үндэс, рейтингээр дээгүүр байрт залрах боломж болов.
Т.БАДАМЖУНАЙ (ХХААХҮ-ийн сайд)
Монголд уул уурхайгаас дутахгүй өсөлт, нэр хүндтэй яваа салбар бол хөдөө аж ахуй. Мал аж ахуй, газар тариаланг Монголоос салгаж ойлгох аргагүй. Энэ зүгт чиглэсэн хөтөлбөр, төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнд хүрч байгаагийн тод томруун жишээ нь “Атрын III аян”. Энэ онд 430 гаруй мянган тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 98 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь сүүлийн 30 жилд дуулдаагүй амжилт болов. Монгол Улс дотоодынхоо үйлдвэрлэлээр улаан буудай, төмсний хэрэглээгээ 100 хувь хангаад зогсохгүй гадаадад экспортлох хэмжээнд хүрсэн нь бахархам ололт мөн билээ.
С.МӨНХБАТ (Монгол Улсын аварга)
Тэгш ойн олон баяр давхацсан үндэсний их баяр наадамд 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм дээд цолонд хүрсэн залуу аварга маань олны хүндлэл, өдөр цолныхоо эрэмбийг дааж чадаж байгаад монголчууд баяртай байна. Дэлхийд ганцхан монгол үндэсний бөхийг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд үзүүрлэсэн нь үүний нэгэн баталгаа. МҮБХ, “Таван цагариг” сониноос гаргадаг бөхчүүдийн чансааг тэрбээр манлайлж байгаа нь “Аварга тохиолдлынх байдаггүй”, “Аварга аваргаараа төрдөг” гэсэн үгийн баталгаа мөн биз ээ.
М.ЭНХСАЙХАН (Монгол Улсын Ерөнхий сайд асан)
Монголын толгой эдийн засагч, шилдэг улстөрчдийн нэг М.Энхсайхан мартагдах болоогүй гэдгээ өнгөрсөн сард сануулав. Үндэсний шинэ намынхаа их хурлыг хийж, Монголын Үндэсний Ардчилсан Нам хэмээх брэнд нэрийг авч чадсан нь түүний чухал нүүдэл хийдэг чадварынх нь илэрхийлэл мөн. Монгол хүн бүрийг өргүй болгох, бүх зээлийг тэглэх, гаднынхныг Монголоос шахан гаргах гэх мэт популист хэллэг нь түүний амнаас гарах үг уг нь биш. Гэхдээ тэрбээр юутай ч монголчуудын анхаарлын төвд шинээр дахин орж ирлээ.