Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчууд ирэх сарын 1-нээс БНСУ-руу 15 хоног визгүй зорчино

Монгол Улсын иргэд БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр энэ оны аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчдыг Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон юм. Уг шийдвэр нь энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх жилийн тавдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлагыг тавьж буй юм. Үүнд,

1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,

2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,

3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,

4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,

5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах,

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо тус улсыг зорьсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэрийг цуцлах аж.

Мөн Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчихдоо Total Asia, Airman, Chandmani consulting, Airmarket Holiday, PSW, Juulchin, Joy Mongolia Travel, New Juulchin, Let's travel, IHC гэсэн компанийн шугамаар зорчих тухай БНСУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн бөгөөд зорчихтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ болон дээрх компаниудаас авахыг зөвлөж байна.