Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол Улсын бэлчээр хүчтэй доройтсон учир эргэж сэргэхгүй”

 

   

“Монгол Улсын бэлчээр хүчтэй доройтсон учир эргэж сэргэх боломжгүй” гэх судалгааны дүнг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор, профессор Ж.Ундармаа өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа...

   Манай улсад хөрсний доройтлыг БОАЖЯ, МУИС, ХААИС, ШУА зэрэг 10 гаруй газрын мэргэжилтнүүд судалдаг юм байна. Эл хүмүүс өнөөдөр цуглаж, өөрсдийн алдаа оноогоо дэнслэхээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр бэлчээрийн даац, хөрсний бохирдол зэрэг бидний мэддэг мөртөө анхаардаггүй сэдвийг хөндөж, судлаачид олон жил хийсэн судалгааныхаа дүнг танилцуулсан юм. 

   Монголд Улсад 2021 оны байдлаар 112 сая га бэлчээрийн талбай бий хэмээн бүртгэгджээ. Энэ нь 1997 оныхтой харьцуулахад 14.9 мянган га талбайгаар цөлжсөн байна. Мөн одоо байгаа бэлчээрийн 24.9 сая га газар доройтсон бол, 3.65 сая га нь хүчтэй доройтсон аж.

   Харин малын тоо толгойн хувьд мөн хугацаанд 2.1 дахин өссөн байна. Нийт газар нутгийн бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн. Бэлчээр доройтоход цаг агаар, ургац, дэд бүтцийн хөгжил, хүний хүчин зүйлс нөлөөлдөг ч 67.3 сая мал хамгийн их хор хөнөөл учруулж буй гэнэ.

Бэлчээрийн доройтлыг бүсчилбэл,

- Баруун бүсийн газар нутгийн 20.1 хувь,

- Хангайн 30.4 хувь

- Төвийн аймгуудын 20.2 хувь

- Зүүн аймгуудын 12.6 хувь нь доройтсон байна.

Тус хэлэлцүүлгийн төгсгөлд профессор Ж.Ундармаа “Бид дандаа мал, малын эрүүл мэндийн талаар ярьдаг. Гэвч үүний цаана байдаг “Бэлчээр”-ийг орхигдуулж ирсний гор нь газрын доройтлоор илэрч. Манай улсад цөлжсөн газрын хэмжээ маш их нэмэгдэж байна. ХААИС-ийнхан сүүлийн 20 жил тасралтгүй бэлчээрийн судалгаа хийлээ. Үүний дүнд нийт нутгийн бэлчээр менежмент хийгээд ч СЭРГЭХГҮЙ, аюултай түвшинд очсоныг тодорхойлсон. Хүчтэй доройтсон газар 20 жилийн хугацаанд ч нөхөн сэргэхгүй байх магадлалтай. Иймээс бид судалгааны ажилдаа онцгой анхаарч, үр дүнг нь хэрэгжүүлэх гэж буй ажилдаа ашиглах хэрэгтэй. Мөн судлаачид арга барилаа сайжруулах шаардлагатай байна. Монгол Улсын бэлчээрийн судалгааны дүнд мэргэжлийн хүний хувьд би эргэлздэг. Буруу судалгаа хийвэл суурийн цутгаагүй байшин шиг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг ч буруу зүг рүү хөтөлж, илүү хохирол учруулна” хэмээв.