Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг айлчлалын эхний өдөр тус улсын Ерөнхийлөгч К.Токаев “Акорда” өргөөндөө албан ёсоор угтаж авсан юм. Улмаар хоёр улсын Төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэлэлцээрийн үеэр талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан байна. Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хү рээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан замын зураглал гаргах аж. Ирэх зургаадугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани “Улаанбаатар-Астана” чиглэлд шууд нислэгээ эхэлнэ, “Баян-Өлгий-Өскемен” чиглэлийн шууд нислэгийг сэргээнэ хэмээн тохиролцжээ.
Энэхүү айлчлалын хүрээнд нийт төрийн байгууллага болон аж ахуйн нэгж хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурсан. Соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, банк, санхүү, худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсоныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлч дэд онцолжээ. Энэ оны наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хуралд Казахстан улсыг өндөр түвшинд оролцохыг мөн урьсан юм.
Айлчлалын хоёр дахь өдөр буюу өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тус улсын парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг батлахад парламент манлайлах үүрэгтэйг Ерөнхийлөгч У.Хү рэлсүх тэмдэглэв.
С.Уул