Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурвалжилга: Яст мэлхийн хурдтай эрт илрүүлэг

Чингэлтэй дүүргийн VI хорооны “Ижил санаа” өрхийн эмнэлгийн эрт илрүүлгийн үзлэгийн цаг 2023 он хүртэл дүүрчээ. Уг хорооны 6565 хүн эрт илрүүлэг үзлэгт хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ жилийн арванхоёрдугаар сар хүртэл 30 хувь буюу 1969 хүнийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэх. Гэвч өнөөдрийн байдлаар тус өрхийн эмнэлэгт 171 хүүхэд, дүүргийн Эрүүл мэндийн төвд насанд хүрсэн 175, нийт 346 хүн л эрт илрүүлгийн үзлэгт хамрагджээ. Тухайлбал, өрхийн эмнэлгээс өдөрт 1-2 хүнийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв рүү явуулж эрт илрүүлэг үзлэгт хамруулж буй. Өдөрт 1-2 хүн буюу яст мэлхийн хурдаар дээрх хүмүүсийг хамруулбал хэзээ тус хорооны эрт илрүүлэг дуусах вэ. Тиймээс бид ямар шалтгаанаар ийн удаашралтай байгааг сурвалжлахаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийг зорилоо.

“Улаан хоолой, ходоодны шинэ дурантай ч, оношилгоо хийх эмчгүй” 

Тус дүүргийн Эрүүл мэндийн төвд өчигдөр (2022.09.22) 10.30 цагийн орчимд очлоо. Үүдэнд зөвлөгөө мэдээлэл өгдөг хөтчөөс эрт илрүүлгийн үзлэг хаана хийж байгааг тодруулахад “Гурван давхарт үзлэг оношилгоог хийж байгаа” хэмээв. Ингээд гуравдугаар давхарт гартал эмчийн дүгнэлт, зөвлөгөө гэсэн 312 тоот хаалганы гадна 10 гаруй иргэн оочерлож байлаа. Бүгд эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаад эмчээс зөвлөгөө авахаар ийнхүү хүлээж буй зүр зураг харагдана. Эдгээр иргэнээс эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдахад хүндрэл, чирэгдэл бий, эсэх талаар яриа өгөхийг хүссэн ч хариулахаас татгалзлаа. 

Шинжилгээнийхээ хариуг барьсан иргэдийг нэг бүрчлэн нэрээр нь дуудаж, төвөгшөөхгүйгээр зөвлөгөө өгч байгаа эмчийг С.Ганшүр гэнэ. Тэрбээр, өрөөнд орж ирсэн иргэдээс ямар нэгэн зовиуртай, эсэхийг асууж, тухай иргэний бие өвдсөн тохиолдолд хаана, ямар эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болон юуг анхаарах ёстой зэрэг чухал зөвлөмжийг эелдгээр өгч үйлчилж байв. 

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс ихэвчлэн ямар өвчин их зонхилж илэрч байгааг С.Ганшүрээс тодруулахад “Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэний шинжилгээнд дүгнэлт хийдэг учир тодорхой цаг ордог. Тухайн иргэний ямар эрхтэн өвдсөн талаар зөвлөгөө мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Өдөрт дунджаар 30-40 хүнд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өчигдөр үзүүлж амжаагүй иргэд өнөөдөр ирж үзүүлснээр өдөрт үзэх хүний тоо нэмэгддэг. Анхны бүртгэлээр өдөрт 24-27 хүн үзүүлэхээр цаг авсан байдаг. 

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дунд элэг, ходоод, цөс, зүрх судасны өвчлөл түгээмэл байна. Хэвтэх шаардлагатай хүмүүсийг цаг алдалгүй харьяа эмнэлэг рүү нь явуулдаг. Сүүлийн үед хүмүүсийн дунд таргалалт ихэссэнтэй холбоотойгоор залуус олон төрлийн өвчнөөр өвдөх боллоо. Иймд таргалалтаас аль болох зайлсхийж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Мөн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэд “И-монголиа”-гаас шинжилгээнийхээ хариуг харах бүрэн боломжтой” гэв. 
Нэгдүгээр давхарт байрлах цээжний рентген болон дотрын эмчийн өрөөний үүдэнд иргэд үзүүлэхээр оочерлож, бусад үзлэг, шинжилгээний өрөө хүнгүй байв. 08.30-11.30 цагийн хооронд бусад үзлэг, шинжилгээгээ хийдэг. Мөн тус төв улаан хоолой, ходоодны шинэ дурантай ч, оношилгоо хийх эмчгүй аж. Учир нь нарийн мэргэжлийн эмчийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор хүний нөөц бүрдэхгүй байгааг албаны хүн хэллээ. Төрийн эмнэлгүүд ачаалал их, цалин бага учраас нарийн мэргэжлийн эмч нар өндөр цалинтай хувийн эмнэлэгт рүү “урвах” болжээ. 

Хувийн эмнэлгүүдтэй гэрээ хийж, хороо бүрээр иргэдийг хуваарилж эрт илрүүлэг үзлэгт хамруулж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 144 мянга гаруй иргэн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах тооцоолол гарчээ. Есдүгээр сарын 20-ны байдлаар дүүргийн хэмжээнд 9222 хүн эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан байна. Үүнээс насны ангиллаар авч үзвэл 0-17 нас 11.9, 18-30 нас 4.8, 31-45 нас 1.8, 46-60 нас 3.7, 61-ээс дээш нас 6.5 хувь хамрагджээ. Тус дүүрэг 19 хороотой. Эдгээр хороодынхоо иргэдийг эрт илрүүлэгт хамруулахын тулд нэг газар бөөгнөрөл үүсгэхгүйг хичээж, зарим хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ хийж, шаардлагатай шинжилгээг иргэд тухайн эмнэлэгт очиж өгөх аж. Тодруулбал, УНТЭ-т 19, 17 дугаар хороо , ЭХЭМҮТ-д 7 дугаар хороо, Номун эмнэлэгт 1, 2, 3 дугаар хороо, бусад 13 хорооны иргэд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд эрт илрүүлэг, үзлэгт хамрагдана. 

Эрт илрүүлгээр 15 хүнд хавдрын урьдчилсан шинж тэмдэг илэрчээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүний 15 хүнд хавдрын урьдал буюу сэжигтэй шинж тэмдэг илэрчээ. Тодруулбал, 30-45 насны 2, 46-60 насны 13 тохиолдол бүртгэгджээ. Үүнд, умайн хүзүүний хавдар 10, ходоодны хорт хавдар гурав, улаан хоолойн хавдрын нэг, элэгний хавдрын шинж тэмдэг нэг хүнээс илэрсэн байна. Хавдрын шинж тэмдэг илэрсэн эдгээр иргэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатайг албаныхан хэлсэн.
Бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн их бүртгэгдсэн байна. Тодруулбал, Шүдний цоорол эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 553 буюу 92.1 хувьд илэрчээ. Мөн харааны хямралтай буюу нүдний булчингийн чангаралтай 27 хүүхэд бүртгэгджээ.
Чингэлтэй дүүргийн иргэдийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан байдлыг бусад дүүрэгтэй харьцуулбал 6.2 хувь буюу хамрагдалт хамгийн бага аж. Иргэдийг эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байдал Чингэлтэй дүүрэгт яагаад удаашралтай байгааг албаны хүмүүсээс тодрууллаа. 

Д.Энхчимэг: Иргэдийг үзэх цагийн хуваарь 2023 хүртэл дүүрсэн нь үнэн

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанар аюулгүй байдлын албаны ажилтан Д.Энхчимэгээс эрт илрүүлгийн хамрагдалт хэр байгаа талаар тодрууллаа. “Зуны гурван сар иргэдийн үзлэгт хамрагдах идэвх буурсан. Харин энэ сарын эхээр эрт илрүүлэг үзлэгт хамрагдах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Эмнэлэг үндсэн тусламж, үйлчилгээгээ үзүүлэхийн сацуу эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, эмч нар ачаалалтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж, хүний нөөц боломждоо тохируулж тодорхой хэмжээний зохицуулалт хийж буй. Тухайлбал, Эрт илрүүлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг хүссэн цагт нь хамруулах боломжгүй учраас өдөрт нэг хорооноос 1-2 хүн хамруулж буй. Харин  ирэх долоо хоногоос зарим гэрээтэй хувийн эмнэлэг рүү иргэдээ явуулж, өдөрт 30 хүртэлх хүнийг хамруулдаг болно. Урт хугацаанд үргэлжлэх энэ үзлэгт харьцангуй эрүүл хүмүүс хамрагддаг учир эмнэлэгт ачаалал үүсгэхгүй, бухимдахгүйгээр өрхтэй үзүүлэх хүсэлтэй өгөөд хуваарилсан цагт ирээд үзүүлэх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар иргэдийн үзүүлэх цаг бүртгэл 2023 хүртэл дүүрсэн нь үнэн. Гэхдээ эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ нь эрүүл мэндийн төвүүдэд хэт их ачаалал үүсгэнэ гэдгийг анхнаасаа тооцоолоогүй учраас хүндрэлтэй нүүр тулж байна. Бид өөрсдийн нөөц боломждоо тулгуурлаж эрт илрүүлгийн үзлэг оношилгоог тасалдуулахгүйгээр хийнэ. Иргэдэд хандаж хэлэхэд, эрүүл мэндийн даатгалаа цаг хугацаанд нь төлж, илрүүлэг оношилгоондоо Өрхийн эрүүл мэндийн төвөөс ирсэн хуваарийн дагуу Эрүүл мэндийн төвдөө ирж хамрагдахыг уриалж байна” гэлээ. 

Н.Нямсүрэн: 30-аас доош насны хүмүүс эрт илрүүлэгт үзүүлэхэд тооны хязгаарлалт байхгүй

Мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн “Эрт илрүүлгийн насны багцаас хамаараад иргэн бүрт өөр өөр шинжилгээ хийдэг. Нэг хорооноос 31-ээс дээш насны 1-2 хүнд улаан хоолой ходоодны дуран шинжилгээг хийхэд зарим иргэд дурангийн шинжилгээ хийлгэхгүй гэх тохиолдол гарсан. Тухайн хүнийг эрт илрүүлэг үзлэгт орсноос хойш 20 хоногийн хугацаанд бүх оношилгоо шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын программд, оруулснаар даатгалаас эмнэлэг санхүүжинэ. Хэрэв хугацаа хэтэрвэл даатгалын мөнгө хасагддаг. Өөрөөр хэлбэл, иргэд нэг шинжилгээ дутуу өгвөл санхүүжилт байхгүй гэсэн үг. Бид эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүждэг учир эрсдэлээ тооцож шаардлага хангасан иргэдийг үзлэгт хамруулж буй. Өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан өдөрт нийт хорооны 20-25 хүнд улаан хоолой ходоодны дурангийн шинжилгээ хийж байгаа юм. Иймд нэг хорооноос шаардлага хангасан 31-ээс дээш насны 1-2 иргэнийг уг үзлэгт хамруулж буй. Энэ нь эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн, дурангийн шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой зэрэг шаардлага бий. Харин 30-аас доош насны хүмүүст лимит заагаагүй. Нийгмийн даатгалаа сүүлийн гурван жил тасралтгүй төлсөн бол үзлэгт хамрагдах боломж нээлттэй. Бага насны хүүхдийг Өрхийн эмнэлэгт үзнэ” хэмээв.

Д.Баярболд: Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийхөнд эрт илрүүлгийг хийх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол зэрэг дүүрэгт эрт илрүүлгийн хамрагдалт хамгийн өндөр хувьтай байна. Харин Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт удаашралтай байгаа асуудал бий. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Иймд Чингэлтэй дүүргийн эрт илрүүлгийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн ойролцоох эмнэлгүүдтэй гэрээ хийж хамтран ажиллах зохицуулалтыг хийж байна” гэх тайлбарыг хэллээ.

Тус эмнэлэг хүний нөөцийн дутагдал болон бусад дүүргээс хамгийн бага эрүүл мэндийн байгууллагатай дүүрэг гэх мэт шалтгаанаас болоод эрт илрүүлэг, үзлэг удаашралтай явагдаж байгааг тэд онцлов. Мөн хүүхдийн Эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж байгаа учраас хамрагдалтыг нэмэх талаар өрхийн эмнэлгүүдтэй хуралдаж, хамрагдалтыг нэмэгдүүлэх боломжтой юм.