Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байсан уг хэргийг прокурорын байгууллага татаж авч хянаад дээрх хоёр байгууллагын хамтарсан Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргаж тус газарт шилжүүлсэн байна.
Уг тогтоолд дурдсанаар Н.Энхбаярт холбогдох албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хөрөнгө завшсан, хувьдаа авсан гэх хэргийг шалгах АТГ, УМБГ-ын хамтарсан Ажлын хэсэгт дээрх хоёр газраас тус бүр хоёр байцаагч оролцуулж, Ажлын хэсгийн ахлагчаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хүн томилсон байна.