Гэм буруутай хэмээн бүх шатны шүүх үзэж, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон тул өмнөх хоёр даргыг нь өөрчилж, АТГ-ын шинэ дарга, дэд дарга нарыг томилуулахаар Ерөнхийлөгч нэрийг нь УИХ-д өргөн барих гэж байгаа талаарх мэдээлэл өчигдөр тарлаа. Энэ асуудал үнэн эсэхийг УИХ-ын Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны эх сурвалжаас тодруулахад “АТГ-ын дарга нарыг томилуулахаар нэрийг нь УИХ-д өргөн барих гэж байгаа талаар сонсогдоод байсан. Одоогоор өргөн барьсан юм алга” гэв.
Хууль хяналтын байгууллагынхны ярьж байгаагаар тус газрын даргад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны атташегаар ажиллаж байгаад ирсэн, цагдаагийн хурандаа Н.Ганболдыг зүтгүүлэх бололтой юм. Хурандаа Н.Ганболд нь ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургууль, академи төгссөн. Цагдаагийн хэлтэс, газрын даргаар ажиллаж байгаад Тагнуулын ерөнхий газрын даргын алба хашиж байсан юм. “Туршлагатай ажилтан, сайн зохион байгуулагч” гэж цагдаагийнхан үнэлдэг юм билээ. Харин дээрх газрын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн оронд хүн хулгайлсан хэргээр Франц, Герман улсад хоёр жил шахам хоригдож байгаад ирсэн Б.Хурц, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан нарын нэр дуулдав.
ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байхдаа дипломатчдын хийдэг тамхины наймааны хууль бус сүлжээг атгаж байсан гэгдэх, тухайн үедээ эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Д.Энхбатыг Францаас хулгайлан Монголд авчирсан Б.Хурцыг танихгүй хүнгүй болоо биз. АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь ЦЕГ-ын III тусгай тасагт мэргэн буудагчаар ажиллаж байгаад ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн юм байна.
Д.ДАГВА