Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар тогтов. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар манай 2000 орчим иргэн тус улсад албан ёсоор сурч, ажиллаж, амьдарч байна. Үүнээс 800 хүн нь тус улсын хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм. Хэлэлцээр байгуулснаар тухайн иргэн тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзол хангасан үедээ Монгол, Унгар Улсад тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэвэртээ гарч хоёр талаас ногдох хэсгээ шилжүүлэн авах боломж бүрдэнэ. Мөн Унгар Улсад ажиллаж, нийгмийн даатгал төлж байсан болон хамрагдаж байгаа манай иргэдийн нийгмийн баталгаа сайжрах бөгөөд иргэдийнхээ талаар албан ёсны нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай ч болох юм.