Хянах, хамгаалах учиртай авлигын асуудалтай АТГ-ын дарга аснууд хол богдсоноос хойш энэ байгууллага удирдлагагүй долоон сарын нүүр үзээд байв. Дарга нарын томилгоог хийх эсэх, хэн хэнийг тохоох талаар хэвлэлийнхний таамгаас хэтрээгүй байсан энэ асуудлыг өчигдөр гэнэт шийдлээ. Бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга нарыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх учиртай. Тэрбээр Нийс лэлийн цагдаа, ТЕГ-ын дарга асан Н.Ганболдыг даргаар, сүүлийн хэдэн сарын турш хэвлэлийн од, үндэсний баатар шахам болоод байсан тагнуулч Б.Хурцын нэрийг дэд даргаар нэр дэвшүүлж буйгаа өчигдөр УИХ-д өргөн мэдүүлэв. Тиймээс үдээс хойш Хууль зүйн байнгын хорооны ээлжит бус хурал зарлан энэ асуудлыг хэлэлцсэн юм.
14.40 цаг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулга хийлээ. Авлигын эсрэг хуулийн дагуу дээрх албан тушаалд томилох хүнд гурван шалгуур тавьдаг аж. Эдгээрийг дээрх эрхэм хангасан гэнэ. Хуульч мэргэжилтэй, цагдаа, тагнуулын байгууллагад олон жил ажилласан эрхм үүд гишүүдийн санаанд ч нийцжээ. Нөгөө талаар хөшигний ард хангалттай тохиролцоо хийсэн бололтой, ганцхан Ж.Сүхбаатар асуулт тавилаа. Тэрбээр “Та нар ямар зарчим баримтлах вэ” гэлээ. Н.Ганболдын хариулт анхаарал татсангүй. “Өдий насны хүн байна даа, алдаа дутагдал гаргахгүй, олон нийтийн өмнө биеэ зөв авч явна, хуулиа баримтална” гэв. Харьд жил орчим хоригдож, тэгснээ Ерөнхийлөгч тухайн улсад айлчлахын өмнө гэнэтхэн суллагдаж, нэг онгоцоор нисэж ирсэн Б.Хурц харин “Би ганцхан зарчим баримтална. АТГ-т хэлмэгдүүлэлт байх ёсгүй” гэсэн юм. АТГ бие даасан, хараат бус байх учиртай ч нам, эвсэл, албан тушаалтны нөлөөнд ордог, өшөө авах “гар хөл” болоод байгааг С.Эрдэнэ сануулаад ажилтнуудынхаа ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхийг захив. Түүнийхээр АТГ-д энд тэндхийн гологдлууд цугласан юм байна. Д.Оюунхорол мөн захиасаа өгч, амжилт хүссэн. Байнгын хорооны 14 гишүүн 100 хувийн саналаар тэднийг томилохыг дэмжлээ. 16.30 цаг. УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энэ талаар байгаагүй ч түргэн авчээ. Байнгын хорооны санал, дүгнэлт бэлэн болсны дараа жагсаалтад шууд оруулан хэлэлцэв. Үүний дараа зарим гишүүн асуулт тавьсан.
Д.Ганхуяг:-АТГ дандаа “жараахай”- тай тэмцдэг. Үүнийг юу гэх вэ. Мөн үйл ажиллагаа нь тааруу байгаа. Уг байгууллагын дэргэд Олон нийтийн зөвлөл ажилладаг, тэдэнтэй хэрхэн хамтрах вэ?
Н.Ганболд: -Богино хугацаанд асуудлыг ярьсан учир би нарийвчлан судалж амжсангүй. Ер нь хууль эрх зүйн орчныг сайжруулах, бие даасан байдлыг хангах хэрэгтэй нь харагдсан. АТГ-ын дэргэдэх ОНЗ-тэй хамтран ажиллана.
Ц.Сэдванчиг: -Та бүхнийг хэзээ, аль нам, фракцын саналаар уг албан тушаалд нэр дэвшүүлсэн бэ. Улс төрийн намын гишүүнчлэл байсан уу. Аль намын, аль фракцын, болж өгвөл хэн даргын дэмжлэгтэйгээр уг албанд ирж буйгаа хэлж болох уу. Мэдээж аль нэг нам, фракцын дэмжлэг орсон байх.
Н.Ганболд: -Ямар ч улс төрийн намын харьяалал байхгүй. Намын гишүүн биш. АТГын даргыг Ерөнхийлөгч санал болгодог.
Б.Хурц: -Нам бус, төрийн албан хаагч. Ямар ч намд харьяалалгүй.
Ш.Сайхансамбуу: АТГ-ын байцаагчид “Ажил эхлээд явж байтал дээрээс зогсоох үүрэг өгдөг” гэж ярьдаг. Ийм байдал үүсвэл та хэрхэн ажиллах вэ?
Н.Ганболд: -Би дотор нь ажиллаж байгаагүй учир хэлж мэдэхгүй юм. Хэрэв янз бүрийн дарамт, шахалт ирдэг бол даван туулж ажиллах болно.
Б.Хурц: -Хуулийн дагуу, хараат бус ажиллуулна гэж найдаж байна.
Г.Баярсайхан: -АТГ онцгой эрхтэй, бие даасан, төсвөөс их хэмжээний санхүүжилт авдаг байгууллага. Тэр утгаараа олон нийтэд хаалттай байдаг. Уг байгууллагад хяналт хэрэгтэй. Энэ үүргийг хэвлэл мэдээллийнхэн гүйцэтгэдэг. Тэдэнтэй хэр нээлттэй ажиллах вэ?
Н.Ганболд: -Ил тод ажиллана. Гэхдээ авлигын асуудал тухайн хүний алдар хүндтэй холбогддог учир шалгаж буй хэргийн мэдээллийг өгөх боломжгүй. Хэрэг гарч буй шалтгааныг урьдчилан харахын тулд хэвлэл мэдээлэл, ОНЗ-тэй хамтрах болно. Гишүүдийн асуултад тэд маш товч, ерөнхий хариулж байлаа. Зарим үед Б.Хурц бүр хариулсангүй, “Н.Ганболд даргатай санал нэг байна” гэж байсан юм. С.Ламбаа үүнийг нь олоод харчихжээ. “Та хоёрын амнаас ер нь үг гарахгүй юм байна. Цагдаа, тагнуулынхны мэргэжлийн онцлог байж мэднэ. Гэхдээ сайн ярьдаг, үг дуутай болоорой доо.Тэгэхгүйгээр ажилтнуудтайгаа яаж хамтрах вэ” хэмээн захисан. Дунд албан тушаалтнуудын дунд АТГ-аар дамжуулан нэгнээ чадах, өшөө авах явдал их байгааг Д.Арвин сануулж, ийм арга хэрэгсэл бололгүй ажиллаарай гэлээ. Соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлж ажиллахыг УИХын дарга захисан. Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилох саналыг 58 гишүүний 55 нь дэмжиж 94.8, Б.Хурцыг дэд даргаар томилохыг 54 нь буюу 93.1 хувь нь дэмжлээ. Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тэднийг дэмжээгүй юм. Томилгоо дууссан учир АТГ-ын шинэ дарга нараас сэтгүүлчид яриа авахыг хүсэв. Гэвч Н.Ганболдынхоо “халхавчин” дор Б.Хурц хэвлэлийнхнээс зугтаж одсон. АТГ-ын даргаас ажлаа юунаас эхлэх, нэр дэвшүүлэх болсныг хэзээ мэдсэнийг нь тодруулахад “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд анхнаасаа анхаарна. Боловсон хүчнийхээ ур чадвар, сахилга хариуцлагыг ч авч үзнэ. Цаашдынхаа үйл ажиллагааг хуулийн хүрээнд, шударгаар явуулах болно. Ажлаа хараахан аваагүй учир илүү зүйл ярих боломжгүй байна. Намайг АТГ-ын даргад нэр дэвшүүлэх болсныг өнөөдөр л мэдсэн” гэлээ. Албан ёсоор томилогдсоныхоо дараа АТГ-ын шинэ удирдлагууд байгууллага дээрээ очиж ажлаа хүлээн авчээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр ажил хүлээлцэхэд нь байлцсан байна.
ОВОГ,НЭР: