Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, хамгаалах чиг үүрэгтэй хамтарсан 735 баг улсын хэмжээнд ажиллаж байна. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт хамтарсан багийнхны, үндэсний V чуулган өчигдөр болж, 800 гаруй төлөөлөгч оролцов. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, үүнд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хамтарсан багийнхны өмнө тулгардаг хүндрэл, бэрхшээл, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэх талаар энэ үеэр ярилцсан юм.
Хамтарсан багийн үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөвт огт тусгалгүй өдий хүрчээ. Харин 2021 онд хамтарсан 715 багт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас 333.2, энэ онд хамтарсан 735 багт 250 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улмаар Хамтарсан багийн ажиллах болон үйл ажиллагааг нь санхүүжүүлэх журмын төслийн шинэчилсэн найруулгад оролцогчдын саналыг тусгахаар болов. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2017 онд хамтран баталсан эл журмыг шинэчлэх юм байна. Мөн гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорыг үнэлэх, мөнгөн дүнгээр нөхөн төлөхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дурдсан юм.
Бэлтгэсэн Б.Уран