Сонгуулийн хуулиар Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийнхэн өчигдөр МАХН, МҮАН, МОНАРХН болон зарим иргэний хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хуулийн төсөлд өгсөн 32 саналынхаа талаар ямар тайлбар өгөхийг нь Ажлын хэсэг сонссон юм. Тэдний саналыг зарчмын, зохион байгуулалтын гэж ангилж болох аж. Юуны өмнө улсын хэмжээнд нэг тойрог 76 мандаттай буюу 100 хувь пропорциональ тогтолцоотой болгох, сонгуулийн бүх шатны байгууллагад УИХ-д суудалтай, суудалгүй намууд болон иргэний хөдөлгөөний төлөөллийг гуравны нэгийн харьцаатайгаар оруулах, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарласан заалтыг цуцлах зарчмын санал тавьснаа тэд хэлсэн. Тэдний саналыг Ажлын хэсэг ярилцжээ. 32 саналын 10 гаруйг хуулийн төсөлд тусгаж, дэмжсэнийг хэлэв.
Уулзалт замбараагүй болж, хүн бүр ярих маяг орж ирсэн юм. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд хугацаа үл харгалзан ард түмний санал асуулгаар тогтолцоотой холбоотой маргааныг шийдэх хэрэгтэй гэлээ. АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга УИХ-ын гишүүдийг ямаа, мангуугаар нь дуудаж, “халах” маягтай болмогц талууд зөвхөн оруулсан саналынхаа хүрээнд ярилцахаар тохиролцсон. Ингээд Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд тэдний саналыг уншиж, аль нь хуулийн төсөлд туссан, үгүйг хэллээ.
УИХ-д суудалгүй намууд сонгуулийн маргааныг дөрвөн жилийн турш тасралтгүй шүүх, мөн дагнасан шүүх байгуулах санал тавьсан. Анх удаа сонгуулийн автоматжуулсан системийг ирэх сонгуулиар хэрэглэнэ. Тиймээс шинэ асуудал олон гарах учир хуучин аргаар зохицуулах ёсгүй, Сонгуулийн дагнасан шүүх байгуулах ёстой гэж тэд үзжээ. Түүнчлэн сонгуульд нэр дэвших хугацаандаа УИХ, Засгийн газрын гишүүд албан тушаалаасаа түр түдгэлзэх ёстой гэж үзсэн юм. Эдгээрээс бусад саналыг хуульд тусгасан, тусгах талаар ярих боломжтойг УИХ-ын гишүүд хэлэв. Зарчмын гол саналыг нь тусгаагүйд нам, хөдөлгөөнийхөн сэтгэл дундуур байгааг хэлэв.
С.УУЛ