ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр асуулга тавьжээ. Хатуу өвөл хаяанд ирсэн энэ үед Ховдын ДЦС доголдож магадгүй байгаа нь гишүүний санааг зовоож байгаа аж. Тус аймгийн ДЦС-ыг 30-аад жилийн өмнө барьж, 2005 онд хувьчилснаас нь хойш олигтой засвар үйлчилгээ хийгээгүй юм байна. 2011 оны төсөвт хөрөнгө суулгаж дулааны эх үүсвэрийг шинээр барихаар болсон ч хийгдсэн ажил байхгүйтэй адил. Ирэх онд шинэ эх үүсвэртэй болж амжих уу, ДЦС-ыг төрийн мэдэлд эргүүлэн авах боломж бий юү.
Тус станц өвлийг давж чадах уу гэж Д.Зоригтоос гишүүн лавлажээ. Ховд аймгийн эл станц нь гурван зуухтайгаас одоо нэг нь л ажиллаж байгаа гэнэ. Дөрөв дэх зуухыг шинээр тавих ёстой ч суурилуулах газар байхгүйн улмаас гацчихаж. Тэгсэн хэрнээ ердөө 20-хон хоногийн нүүрсний нөөцтэй гэсэн мэдээлэл С.Бямбацогтод ирсэн нь мань хүнийг багагүй бухимдахад хүргэсэн бололтой. Асуулгын хариуг хуулийн хугацаанд нь, бөөрөнхийлөлгүй өгөхийг гишүүн ЭБЭХ-ний сайдад сануулжээ. Ховдын ДЦС-ын асуудлаас болж хоёр залуу улстөрч хэд хоногоос түр тар хийж мэдэхээр байна.
Э.ТӨР