“Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-нөөс санаачлан, “Элит балет” компанитай хамтран “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжгийг Монголд анх удаа хүргэх гэж байна. Дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурь эзэлдэг, П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетын цомнолыг Мариус Петипа Германы зохиолч Э.Хоффманы “Цөмөөхэй хүүхэлдэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэн 1892 онд бичсэн. 1940-өөд оноос уг бүтээлийг олон улсын театруудад тоглож эхэлжээ. Уг бүтээлийг “Элит балет” компанийнхан 2019 онд Ц.Цолмонбудын дэглэснээр, “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” нэртэйгээр Өмнөд Солонгосын үзэгчдэд толилуулсан юм. Харин өнгөрсөн онд шинэчлэн тоглохдоо медиа арт урлагтай хослуулсан нь БНСУ-ын үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Ирэх сарын 31, нэгдүгээр сарын 1, 2-нд монгол үзэгчдэд хүргэх “Цөмөөхэй ба гайхамшгийн орон”-оор Клара охины зүүдэн дэх хулганын, цасны, гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг холограм, 3D дэлгэц, видео эффект бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологи ашиглан бүтээх аж. Бүжгэн жүжгийн ерөнхий найруулагч, бүжиг дэглээчээр Ц.Цолмонбуд, найруулагч, бүжиг дэглээчээр Чон Хэ Юн, туслах найруулагч, бүжиг дэглээчээр Б.Мөнхнаран ажиллаж байна. Дүрүүдэд М.Од, Г.Нямцэрэн, О.Даваадорж, Чон Та Гиён, Г.Лхагвадулам, С.Нямжаргал зэрэг Монгол, БНСУ-ын шилдэг залуу уран бүтээлч болон циркийн жүжигчид тоглох юм.
Бэлтгэсэн А.Тайшир