УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон ганц гишүүн нь З.Алтай. Тэрбээр гуравдагч хүчнийг төлөөлдөг Д.Энхбат, С.Оюун буюу тэдний ИЗ-ННыг дэмжиж ажилладаг. Тэгвэл түүнийг уг намд албан ёсоор гишүүнээр элсэх гэж байгаа тухай мэдээлэл гарчээ. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
-Таныг ИЗ-НН-ыг дэмжиж ажилладгийг мэднэ. Уг намд албан ёсоор элсэх гэж байгаа гэж үнэн үү?
-Би хэсэг гишүүний хамтаар Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн бариад хагас сар болж байна. “Намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоё” гэсэн агуулгатай төсөл. Ийм төсөл өргөн барьчихаад, өөрөө аль нэг намд элсэнэ гэвэл утгагүй биз дээ. Би хэзээ ч аль нэг намын гишүүн болохгүй гэж боддог.
-Тэгвэл ирэх сонгуульд Та дахиад л бие даан нэр дэвших үү?
-Ирэх сонгуульд нэр дэвших, эсэхээ бодож байна. Сонгуулийн хуулиар босго их өндөр байна шүү дээ. Хэрэв тэгнэ гэвэл, ний нуугүй хэлэхэд би ИЗ-НН-аас нэр дэвшинэ. Гэхдээ тус намын дүрэмд “Заавал хатуу гишүүнчлэлтэй хүн тус намаас нэр дэвших албагүй. Дэмжигч хүн байж болно” гээд заачихсан. Энэ бол их зөв жишиг. Олон улс хатуу гишүүнчлэлийн араас хөөцөлдөхөө больсон гэлээ.
С.УУЛ