Цагаан сараар бас нэг цадна гэдэг шиг жил жилийн арванхоёрдугаар сард түүхт цагаан морин жилийн дурсамжаар Ардчилсан намынхан амьсгалдаг. Энэ нь ардчиллаар овоглогсдын хувьд 21 жилийн туршид чухал үйл явдал байсан шиг сонгуулийн өмнөх өнөө оны сүүлчийн сарыг АН-ынхан анаж байна. АН дахь “тоглоомын дүрмийг” хамгийн олуул цуглаж шийддэг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг нэг бол арванхоёрдугаар сарын тэмдэглэлт өдрүүдийн өмнө, эс бөгөөс түүний дараа хийнэ гэсэн хоёр хувилбарын хооронд сар, өдөргүй хоосон зар, тов нисэлдэх болжээ. “Хоолгүй” товын цаана юу нуугдаж байгаа талаар таавар хаялцах шаардлага улс төр сонирхогчдод гарсангүй. УИХ, Засгийн газрын гишүүн, АН дахь МоАХ фракцын толгойлогч Х.Баттулга намынхаа дарга Н.Алтанхуягийг унагах санаа агуулсан байр сууриа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн нь удирдлагын зүгээс ҮЗХ-ны ээлжит XXXIII хуралдааныг хар сэргүй зарлаж төвдөхөөргүй болгож орхив.
Н.Алтанхуяг дарга нь ардчилсан хувьсгалын ойн өдрүүдийн дараа хуралдуулахаар алгуурлаж, Х.Баттулга нь бол өнөө маргаашгүй товлуулахаар яарч сууна. Энэ хоёрын хооронд үүссэн зөрчил юунд хүрч зогсох нь ид анхаарлын төвд байна. 2010 оны хавар хуралдсан ҮЗХ-ны XXXII хуралдаанаар АНын дарга Н.Алтанхуяг улс төрийн илтгэл, Х.Баттулга Засгийн газраас хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийн талаар нэгэн зүгт харсан илтгэл тавьж байсан бол энэ удаа тэд тайлангаараа “байлдахаар” боллоо. АН-ын санхүүгийн тайлан зэрэг “жижүүрийн” асуудлаас гадна хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, 2008 оны сонгуулиар АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол санаа буюу үйлдвэржилтийн бодлого хэрхэн хэрэгжиж байгааг хэлэлцэх ҮЗХ-ны 228 гишүүн эцсийн бүлэгт Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын тулааныг шүүхээр цуглах нь.
Өдгөө АН-ын ҮЗХ-ны гишүүд фракц фракцаараа “бэлэн байдалд” оржээ. Нийслэлд суугаа МоАХ-чууд лав хөдөө гадаа явахгүй байх аман үүргийг Х.Баттулгаасаа авцгааж. Гэнэт зарлаж юун магад гэсэн ирцийн бүртгэлийг “Женко” базаагаад эхэлжээ. ҮЗХ-д МоАХ-ны гишүүд 86-уулаа гэсэн тоо байдаг ч энэ нь нэлээд хуучирсан байна. Ерээд онд МоАХ-д байсан ч одоо тэдэнтэйгээ нэг фракцад хамаарахаа больсон ҮЗХ-ны 30 гаруй гишүүнийг оруулбал тэд 86-уулаа болж чадах аж. Тиймээс Х.Баттулга эгнээндээ АН-ын залуусын “Нэг ардчилал” клубийн удирдлагад байдаг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нарын зургаан залууг бат зогсохыг хүссэн байна. Мөн хамтарсан Засгийн газрын эсрэг ажиллагаатай, УИХ-ын гишүүн З.Энхболдоор ахлуулсан Ардчилсан хүчний холбооны талыг баримтлагчид энэ удаа “Женко” Х.Баттулгын гол түшиц болж байна.
Ардчилсан хүчний холбоо АН-ынхаа аймаг, дүүргийн хороодод маш амжилттай ажиллаж, “өөрийн” хүмүүс олонтой болсон гэлцэх бөгөөд тэд яг хэдүүл Н.Алтанхуяг даргынхаа эсрэг санал хэлэх нь тодорхой тоймгүй байгаа аж. Эх сурвалжийн өгүүлснээр, З.Энхболдын фракцын хатуу гишүүнчлэл 15-аар тоологддог бөгөөд айм гуудын төлөөллүүдээс багаар бо - доход мөн тооны гишүүн тэдэн дээр нэмэгдэх боломжтой гэнэ. Ийн багцаалбал МоАХ-ны толгойлогчийн байр суурийг ҮЗХ-ны 90 гаруй гишүүн дэмжиж мэдэх юм. ҮЗХ-ны хуралдаан хэрэв “Женко”- гийн хүссэнээр дэглэгдэж, АН хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах, одоогийн даргаа огцруулах тийш “салхилах” бол уг хуралдаанаар АН-ын ээлжит бус Их хурлыг хуралдуулах эсэхээр санал ил хураах дүрэмтэй. Санал ил хураах үйл явц АН-ын дотоод хагарлыг түвэггүй илчилнэ.
Хэний фракц хэнд гар өргөхөөс Н.Алтанхуяг болон Х.Баттулгын талыг баримтлагсдын ан цав тодорч таарна. Хэдийгээр Н.Алтанхуяг АН-ын мөнхийн дарга биш боловч түүний төлөө асаж байдаг нөлөө бүхий фракц бий, “Алтангадас”. Тэд өдгөө ҮЗХ-нд 100 гаруй гишүүнтэйгээрээ хамгийн олуул байгаагаа бүртгээд амжжээ. Гэвч энэ нь тооны хувьд МоАХ дээр төвлөрсөн 90 гаруй гишүүнээс хол илүү гарах үзүүлэлт биш. Эндээс Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг тус бүр дэмжиж байгаа хүчний харьцаа тэнцүү харагдаж байна. “Алтангадас”-т “Кроун” хань болох эсэхээс Н.Алтанхуягийн байр суурь ганхах эсэх нь шууд шалтгаалж мэднэ. “Кроун”-д Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Х.Золжаргал зэрэг өмнө нь МоАХ-д тоологдож асан ч өдгөө өөрсдийнхөө амбийцыг илэрхийлж чаддаг болсон ҮЗХ-ны 18 гишүүн жагсдаг аж. Тэд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл хэр хангалуун байгаагаас АНыг хэн удирдаж 2012 оны сонгуульд намаа авч орох зураг гарах төлөвтэй.
Б.ЭНХЦЭЦЭГ