Монгол ахуй, монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн эд зүйлс, хэрэглээг уран бүтээлдээ сүүлийн үед түлхүү тусгаж, энэ талаар дуулж, хуурдах болсон “Камертон”-ы Д.Болд монгол поп гэдэг тодорхойлолт гаргаж ирсэн нь хатуухан үг сонсоход хүргэсэн. “Монгол поп гэдэг урсгал, чиглэл өмнө нь байсан. Болд дэндүү туйлширч, хүний хийснийг өөртөө нааж байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байгаа. Гэхдээ хийж бүтээснээрээ байнга тэргүүлдэг дуучин залуу элдэв үг, яриаг няцааж, эсэргүүцлээ илэрхийлсэнгүй.
Харин ч энэхүү нэр томъёонд таарсан уран бүтээлийг хамтдаа хийж, монгол поп гэсэн урсгалыг дэлхийд таниулахыг уриалж буй. Тэрбээр “Монгол поп” нэртэй тэсрэх бөмбөг хийснээ энэ сарын 24-26-нд тэсэлж, хүмүүсийн сэтгэл дотор зүүрмэглэн байгаа үндэсний бахархлыг сэрээв. “Монгол поп” үндэсний бүжиг, хөгжимтэй, уран нугаралттай дээлтэй, хууртай гээд монголчуудыг тодорхойлох юм юмтай тоглолт болсон. Ерөнхийлөгчөөс эхлээд хүүхэд багачуудыг нэгэн танхимд цуглуулж чадсан түүний хүч нь урлагийн гайхамшиг байлаа. Үзэгчийн суудалд ийнхүү нас насныхан өндөлзөн, бүжиглэж, даган дуулж байсан бол уран бүтээлч, тайз заслын гээд тоглолтод хүч хөдөлмөрөө шингээсэн 500 орчим хүн байсныг дурдах хэрэгтэй болов уу.
ҮДБЭЧ-ын бүжигчид, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони оркестр, АСА циркийн нугараачид, орчин үеийн бүжгийн хамтлагийнхан Болдтой хамтран бөмбөг “тэсэлсэн” юм. Тоглолтын эхний өдөр тайзан дээр дуулж байгаа Болдоос гарын үсгийг нь авч амжсан сэргэлэн жаал олны анхаарлыг багагүй татсан бол улс тунхагласны баярын өдөр буюу тоглолтын сүүлчийн өдөр Ерөнхийлөгч хүрэлцэн ирсэн нь тоглолтын утга учрыг улам илэрхийлэх шиг болов. Монгол үнэр ханхлуулсан эл тоглолтод зөвхөн түүнд л хамаарах шилдэг дуунуудыг нь сонсохоор зорин ирсэн үзэгчдийг уйдаахгүйн тулд тэрбээр сүүлийн 5-6 жил тайзан дээр дуулаагүй бүтээлүүдээ өргөн барьсан.
Дуучин Номинжинтой хамтран дуулсан “Зөвхөн чам руу”, “Хэзээ” зэрэг дуугаа “Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүдтэй амилуулсан юм. Тоглолтын шинэ өнгө аяс гэвэл хамтрагчуудаа энэ үдэш сольсон явдал байв. Тэр дундаа “Universe best songs” наадмын анхны ялагч Цэлмүүн “Хайрлах хүсэл”-ийг нь дуулсан. Түүний тоглолтын оргил хэсэг буюу хөг, хэмнэлийн эрч хүч дээд цэгтээ хүрэх үед “Тэвчихгүй, би чадахгүй” дуугаа эхлэхийн өмнө Болд “Та нарыг босохгүй бол бид тоглолтоо үргэлжлүүлэхгүй” гэхэд үзэгчид бүгд суудлаасаа босов. “Нэг л хүн босоогүй байна даа” гэж Болдыг хошигноход энэ үдшийн хамгийн хүндтэй зочны зүг бүгдийн анхаарал хандсанаар Ерөнхийлөгч Элбэгдорж танхим дүүрэн үзэгчтэй хамт бүжиглэх нь тэр. Их хуурч Жамъян агсны зээ хүү Монголын ардын болон орчин цагийн урлагийг сүлж, өвөрмөц нэгэн өнгийг гарган авч, үүгээрээ эх орноо дэлхийн тавцанд таниулах нүүр царай болж байгаа. Монгол попоос үндэсний хэв маягийг ч , орчин үеийн хөнгөн хөгжмийг ч мэдрэх тул Монголын нэрийн хуудас болох болтугай.