Бага хурлын анхаарлаа онцгойлон хандуулсан сэдвийн нэг нь гишүүдийн ёс зүй, нам доторх эв нэгдлийг сахих тухай байв. “Сонгуульд амжилттай оролцохын тулд намыг хагалан бутаргахыг амин сонирхлоо болгогсодыг дийлж гарахын тулд намынхаа дотоод амьдралын байдлыг сайтар оношилж шинжлэн үзэх нь чухал болж байна. Хувийн сонирхлоор намын дотор хэрүүл маргаан өдөөх, өөрийн аминч алдаатай санааг сөргүүлэн тавих, ганцаарчилсан тоглолт хийх гэсэн бусармаг оролдлого бидний дунд байж болохгүй. Ийм оролдлогыг цаашид газар авахуулахгүй шууд таслан зогсоож хариуцлага ногдуулах нь шударга хэрэг болно” гэж Намын даргын хувьд үзэж байгаагаа анхааруулж байв.
Ёс зүйн шинэ дүрэм гаргах болсон нь МАХН-аас, Н.Энхбаяраас болгоомжилж буй нь нотолгоо гэж зарим эх сурвалж үзэж байгаа нь ортой байж болох. Намыг дотроос нь хагалан бутаргах ажиллагаа тэндээс гарч болзошгүйг С.Батболдын үгнээс ойлгож болохоор байгаа юм. Тэрбээр хэлэхдээ, “Сүүлийн үед улс төрийн амьдралд гарсан таатай бус нэгэн үзэгдэл нь хэсэг хүн “МАХН” нэрээр үйл ажиллагаа явуулж буй явдал юм. МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл гэж Дээд шүүх манай намын уугуул нэрийг зөвшөөрч баталгаажуулсан атлаа “МАХН”-ыг давхар бүртгэсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл. “МАХН” нэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүс МАН-ын дэмжигчдийн саналыг хуваах зорилготой нь илт юм. Ялангуяа манай намын ахмад гишүүдэд элдэв аргаар нөлөөлөх ажил хийж буйг бүх шатны байгууллага, идэвхтэн сонгуультнууд анхааралдаа авах ёстой гэдгийг нийт ард иргэд, гишүүд, дэмжигчиддээ намын даргын хувьд зориуд цохон тэмдэглэж хэлье” гэжээ. Намын дарга энэ үгтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн нартай хариуцлага тооцох ёстой гэсэн саналын зарим гишүүн гаргасан ч Бага хурал түүнийг асуудал болгохыг хүсээгүй байна.
МАН зургаан нарийн бичгийн даргатай. Түүнээс Парламент, нийгэм, залуучууд-гэр бүлийн асуудал хариуцсан орон тооны бус, мөн орон тооны нэг нарийн бичгийн даргыг өмнөх Бага хурлаас томилолгүй үлдээгээд байв. Намын даргын санал болгосноор Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмааг, нарийн бичгийн даргаар Ө.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ, орон тооны нарийн бичгийн даргаар ТВ 5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэл нарыг гишүүдийн 96-99 хувийн сангалаар томилсон байна. Бага хурлын гишүүнээр сонгуулахаар Б.Анужин, Т.Бүдээхүү, Ц.Гарамжав, Д.Гантөгс, Л.Нинжамц нарын 12 хүний нэр дэвшүүлснийг сонгох санал хураалт дугаар шилжих мөчид үргэлжилж байв.
Бага хурлаас “Намын ажлыг их бүтээн байгуулалтын зорилгод чиглүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай”, “Нийгэмд сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” гэсэн тогтоолын төслийг батлан гаргажээ.