2004-2008 оны УИХ-д Эх орон намыг төлөөлөн сонгогдож, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан С.Отгонбаяр өчигдөр Төрийн ордонд зочлов. Хамгийн сүүлд ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар П.Даш тэдний дунд бөөн маргаан дэгдэж, хуулийн байгууллага шалгасны эцэст түүнийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн билээ.
Хэд хоногийн өмнө түүний талаар “АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ” гэсэн мэдээлэл гарсныг эс тооцвол өнгөрсөн хугацаанд тэрбээр нам гүм байсан юм. С.Отгонбаяр анх БНН-ын ги шүүн байжээ. ИЗН-тай тус нам нэгдээд салсны дараа ИЗН-д үлдэж, улмаар Эх орон намыг сонгосон гэнэ. Энэ намаас УИХ-д сонгогдож, сайд хийж, бас хуулийн байгууллагатай “орооцолдож” үзсэний эцэст бусдын адил аврал эрж АН-д элссэн бололтой.
-Өнгөрсөн сонгуулиас хойш Та сураг чимээгүй байлаа. Одоо ямар ажил хийж байна вэ?
-Надтай ямар явдал тохиолдсоныг та бүхэн мэднэ. Тиймээс эрүүл мэнддээ л санаа тавьж өнгөрүүллээ. Одоогоор хувийн болоод улс төрийн ямар нэг ажил эрхлээгүй байна.
-АН-ын гишүүн болсон гэсэн. Ирэх сонгуульд энэ намаас өрсөлдөх үү?
-Гишүүнчлэлээ сэргээгээд багагүй хугацаа өнгөрч байна. Цаашид улс төрийн үйл ажиллагаанд оролцох бодол бий.
-Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй батална. 48:28 гэсэн холимог хувилбарыг та дэмжиж байгаа юу?
-Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага бий. Тиймээс аль болох боломжтой нөхцөлөөр сайн хууль батлаасай гэж бодож байна. 48:28 хувилбар боломжийн юм гэж бодсон.
С.УУЛ