Монгол Улс түүхэндээ байгаагүй том төсөв хэлэлцэж, батлаад буй. Түүнийг УИХ-ын гишүүд “хөгжлийн” хэмээн товчоор тодорхойлж байна. Засгийн газар Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахдаа нэгдсэн төсвийн нийт орлогыг 6.352.1 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 35.3 хувь, нийт зарлагыг 7.093.0 төгрөгөөр буюу ДНБ-ий 93.4 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцлийн алдагдлыг 740.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -4.1 хувь байхаар анх тооцож өргөн барьсан юм. Энэ нь ОУВС, эрдэмтэн, судлаач, Монголбанкны зүгээс хатуу шүүмжлэл сонсоход хүргээд байлаа. Төсвийн зарлагыг дор хаяж нэг их наяд төгрөгөөр бууруулсан тохиол долд инф ляцыг нэг оронтой тоонд байлгаж чадна гэж Төвбанкны тэргүүн мэдэгдэж байв. Хүссэн хэмжээгээр нь УИХ төсвийг танаж өгсөн учир одоо Л.Пүрэвдорж амласнаа биелүүлэх л боломжтой боллоо гэж УИХ-ын гишүүн Н.Батбаяр ярилаа.
Нийт зарлагыг 6.3, орлогыг 5.8 их наяд төгрөг болгон танаснаар төсвийг эрүүлжүүлж чадсан гэж Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа үзэж байна. Зардлыг бууруулж тооцсоноор ДНБ-ий алдагдал -3 хувь болж байгаа. Төсвийн орлогын гол эх үүсвэр болох нүүрс, зэс, алт ны үнийг найдвартай тооцсон гэж УИХ үзэж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөө- лөл хийдэг банк, санхүүгийн байгууллагууд ирэх онд дэлхийн зах зээлд нэг унци алт 1723.7, нэг тн зэс 6663.5, боловсруулсан нэг тн нүүрс 166.58 ам. долларын үнэтэй байхаар тооцсон байна. Улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Сайншандын аж үйлдвэрийн парк, Замын-Үүдийн төмөр замын ачаа шилжүүлэн буулгах төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэх мэт бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг “Хөгжлийн банк” нийтдээ 1.5 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх аж.
Тэгэхдээ хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийг дэмжихэд түлхүү анхаарна гэдгийг УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Ганхуяг нар тодрууллаа. Цалин, тэтгэврийг амласнаараа 53 хувиар нэмнэ. Гэхдээ Үйлдвэрчний эвлэлийнхний шаардаад байгаа шиг ирэх оны нэгдүгээр сараас нэмэх боломжгүй. Ингэх нь инфляц хөөрөгдөнө гэж Төсвийн байнгын хорооны дарга сэрэмжлүүлэв. УИХ дахь МАН, АН-ын бүлгээс томилогдсон төсвийн санал боловсруулах Ажлын хэсгийг ахалж ажилласан Су.Батболд, Д.Ганхуяг нар улс төрийн сонирхлоор төсвийн бодлогод хандаагүй хэмээн дуу нэгтэй ярив. “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг эхний ээлжинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох юм. Үлдэх хүмүүст Засгийн газар хоёр сонголт санал болгож байгаа.
Нэг сая төгрөгөөр үнэлэгдэх 1072 ширхэг хувьцааг Засгийн газарт арилжаалж бэлэн мөнгө авч болно. Эсвэл хувьцаагаа эзэмшиж үлдэх сонголт бий. Ирээдүйд илүү ашиг харж байгаа бол хувьцаагаа өөртөө байлгаж байх хэрэгтэй гэж Д.Ганхуяг зөвлөв. Шууд бэлнээр сая төгрөг авна гэж олноороо шуурвал инфляц хөөрөгдөх аюултайг тэрбээр болгоомжлуулсан юм. Урсгал зардлыг нэлээд танасан учир төсвийн захирагчдад таалагдахгүй байж мэднэ. Гол нь хөгжилд чиглэсэн, дэмжсэн төсөв болсон гэдгийг Су.Батболд тодотгов.
Конторын барилга барихаас 150 тэрбум, зарим нь 750 сая төгрөгийн үнэ хүрэх дарга нарын машин худалдан авах зардлаас 14 тэрбум, 9000 хүний орон тоо нэмэхээс хэдэн арван тэрбум төгрөг хэмнэж байгаа болохоор төсвийн захирагчид дурамжхан байх нь аргагүй юм билээ. Сонгуульд хаягласан төсөв гэдгийг Хэвлэлийн бага хурал зохион байгуулсан гишүүд үгүйсгэж, харин хөгжлийн төсөв болсон гэж нэг бус удаа онцлов. Хуулийн хугацаатай уралдаж баталсан нь бас онцлог байж мэдэх юм байна. АНУ-ын Парламент төсвөө баталж чадалгүй зургаан сар мэтгэлцсэн. Бельгийн эрх баригчид болохоор өнөөдрийг хүртэл Засгийн газраа байгуулж чадахгүй мунгинаж байгаагийн дэргэд бид түүхэнд байгаагүй том төсвийг баталж чадсан хэмээн Н.Батбаяр олзуурхав.
Э.ТӨР