Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолны ялгах тэмдэг, алт, мөнгөн гэрэгэ гардуулах ёслол өчигдөр боллоо. Анх 1950 онд тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Н.Лхамсүрэнд “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цол олгосноос хойш нийтдээ 128 хүнд дипломат албаны энэхүү дээд цолыг олгожээ. Өдгөө тэднээс амьд сэрүүн байгаа 90 хүнд алт, мөнгөн гэрэгэ олгохоор шийдвэрлэснээс Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өчигдөр 60 гаруй хүнд гэрэгэг нь гардуулав. Бусад нь гадаадад Элчин сайдаар сууж байгаа болон хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй аж. Ар талд нь нэрийг нь бичиж сийлсэн алтан гэрэгэг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудад, мөнгөн гэрэгэг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчингүүдэд гардуулж байлаа. Гаднын олон оронд улсаа төлөөлөн сууж байдаг үе үеийн дипломатчдад анх удаа ийн хүндэтгэл үзүүлсэнд тэд ихэд баяртай байв.
Дипломат албанд түшээгээс нь эхлээд 43 жил зүтгэсэн А.Цолмонгоос Алтан гэрэгэ гардах үеийн сэтгэгдлийг нь асуухад “Ерөнхийлөгчийн зарлигаар биднийг ийн алдаршуулж байгаад их баяртай байна. Тусгаар тогтносон улс л Элчин сайдтай, дипломат албатай байдаг шүү дээ. Гэрэгэ гэдэг нь эзэн Чингисийн үеэс чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Үүнийг дипломат албанд л олгодог байх нь зүйтэй. Гэтэл сүүлийн үед зарим байгууллага хаа хамаагүй хүмүүст өгдөг болжээ. Ингэж цэгцэлж байгаад баяртай байна. Би анх 1967 онд Зүүн Берлинд атташегээр томилогдож очсон. Хоёр Герман нэгдэхэд анхны Элчин сайдаар ажилласнаас хойш Афганистан, Вьетнам болон Щвейцарь, Филиппин, Сингапурт хавсарсан Элчин сайдаар сууж байсан” гэлээ. Уг арга хэмжээний хөтөлбөрийг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн зохион байгуулсан бөгөөд Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, “Алтан ураг” хамтлаг болон баатар эрс, эртний хатдын хувцастай УДЭТ-ын жүжигчид шагналын арга хэмжээнд оролцсон нь улам ч ёслол төгөлдөр болгожээ.