Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 5-9- нд Кувейт улсад албан ёсны, 10-13-нд Катар улсад ажлын айлчлал хийж, Катар улсын Доха хотноо болох НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны IV форумд оролцохоор өчигдөр Улаанбаатараас мордов. Тэрбээр Кувейтэд айлчлах үеэрээ тус улсын Эмир, үе залгамжлах хунтайж, Ерөнхий сайд, Үндэсний Ассамблейн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны болон харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ хийж, санал солилцоно. Катар улсад айлчлахдаа тус улсын Эмир, Үе залгамжлах хунтайж, Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийнэ. Соёл иргэншлийн холбооны IV форумд оролцохдоо “Хөгжлийн зорилтуудыг урагшлуулахад итгэлцэл, хүлээцтэй хандлагыг эрхэмлэх нь” сэдэвт бүгд хуралдаан дээр үг хэлнэ. Мөн “Ардчилал ба соёл иргэншлүүдийн хоорондох нийтлэг үндэслэлийг ойлгоход ардчиллын боловсролын үүрэг” сэдэвт хуралдааныг зохион байгуулж даргална.
Уг хуралдаанд 11 орны төрийн тэргүүн, хэд хэдэн орны Ерөнхий сайд нар оролцох юм билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Балийн IV чуулга уулзалтад оролцохоор маргааш Индонез улсыг зорих гэж байна. Бүс нутгийн хэмжээнд ардчиллыг дэмжих, сурталчлах, туршлага солилцох зорилгоор ийм чуулга уулзалт хийж байх санаачилгыг Индонезийн Ерөнхийлөгч гаргаж, анхныхыг нь 2008 онд зохион байгуулсан юм. Тэр цагаас хойш уг арга хэмжээнд бүсийн орнууд идэвхтэй оролцож ирлээ. Чуулга уулзалтыг эхнээсээ л төр, засгийн тэргүүний төвшинд хийж байхаар урилгыг нь хүргүүлж байв.
Манай улсын хувьд энэ удаа Ерөнхий сайд анх оролцох гэж буй бөгөөд урьд нь Гадаад харилцааны сайд оролцож байсан юм. Энэ жилийн чуулга уулзалтад Шри-Ланка улсын Ерөнхийлөгч, Бруней улсын Султан, Бангладеш, Катар, Зүүн Тиморын Ерөнхий сайд нар оролцох төлөвтэй байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ чуулга уулзалтад зайлшгүй өөрийн биеэр оролцох шаардлага, хүндэт гэн үзэх шалтгаан байгаа гэж хэлж болохоор. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг энэ оны долдугаар сарын 1-нээс Монгол Улс тэргүүлж буй. Энэ үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ.
Монгол Улс энэ хугацаанд “ардчиллын боловсрол”-ыг гол сэдэв болгож байгаа. Ирэх онд ЮНЕСКО-той хамтарч олон улсын семинар, Энэтхэг улстай хамтарч бүс нутгийн Бага хурал хийхээр төлөвлөж байна. Тэгвэл одоо Индонезийн Бали арал дээр болох чуулга уулзалт “Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэхАрдчиллын дуу хоолойг дэмжих нь” гэсэн сэдэвтэй бөгөөд түүний хүрээнд ардчиллын дуу хоолойг дэмжих төрийн чадвар, иргэний нийгмийн оролцоог ардчилсан замаар дэмжих тухай асуудлаар хоёр салбар хуралдаан болох юм байна. Тийм болохоор эдгээр үйл ажиллагааны харилцан уялдааг хангахын тулд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж буй улсын Засгийн газрын тэргүүн, тус нийгэмлэгийн Үндэсний хорооны даргын хувьд энэ чуулга уулзалтад оролцох нь чухал юм.
Түүнээс гадна энэ оны зургадугаар сард Жакарта хотод болсон Зүүн Азийн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Индонезийн Ерөнхийлөгч өөрийн биеэр Ерөнхий сайдыг урьжээ. Чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгчид бараалхахаас гадна хоёр талын уулзалтууд хийх зорилготой юм байна. Японы Гадаад хэргийн сайд уулзах хүсэлт тавиад байгаа гэнэ. Ерөнхий сайдыг Засгийн газрын болон УИХын гишүүдээс дагалдахгүй, цомхон бүрэлдэхүүнтэй явах гэнэ. Ерөнхий сайдыг эх орондоо хөл тавимагц УИХ-ын дарга Японд албан ёсны айлчлал хийхээр Токио руу мордоно. Японы Парламентын зөвлөхүүдийн танхимын дарга нь манай УИХ-ын даргыг гурван жилийн өмнөөс урьсан аж. Ийнхүү Монголын төр, засгийн тэргүүн нар ээлжлэн хилийн дээс алхах долоо хоног эхэллээ. Гэхдээ ямар ч байсан төр эзгүйрэхгүй юм байна.
Р.ЖАРГАЛАНТ