Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай З.Энхболд, С.Эрдэнэ нараас өргөн барьсан хоёр ч төслийг хэлэлцлээ. Хоёр төсөл сонгууль будлиантуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох ижил агуулгатай аж. З.Энхболдын төсөлд ард нийтийн болон Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн үед сонгогч нэгээс илүү удаа санал өгөхийг оролдсон, ийм үйл ажиллагаанд татан оролцуулсан нөхцөлд гурваас дээш жилийн хугацаагаар баривчлан саатуулах зохицуулалт оруулжээ. Мөн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан, будлиантуулсан төрийн албан тушаалтны ажил эрхлэх эрхийг хоёр жилээр хасах хэрэгтэй гэсэн байна.
С.Эрдэнийн төсөлд Үндсэн хуулийн бус аргаар төр барих эрхийг авахыг завдсан бол тухайн этгээдийг 5-10 жилээр хорих, мөн дээрх үйл ажиллагааны явцад хүний амь хохирсон, эд хөрөнгийн их хэмжээний хохирол гарсан бол буруутай этгээдийг 10-25 жилээр хорихоор тусгасан байна. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд жагсаал зохион байгуулбал яахыг Х.Жекей асуув. Санаачилсан төсөл нь сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор жагсаал, цуглаан зохион байгуулах, улс төрийн хөдөлгөөнтэй хамаагүй гэдгийг С.Эрдэнэ онцолсон. Тэрбээр “Үүнийг Жагсаал цуглааны тухай зэрэг бусад хуулиар зохицуулна.
Сонгуулийн дүнг санаатайгаар будлиантуулах замаар төрийн эрхийг авахыг оролдсон этгээдэд эрүүгийн хариуцлага тооцохоор төсөлдөө оруулсан. 2008 онд СЕХ-ны дарга Б.Баттулга ганцаараа дур мэдэн иргэний үнэмлэхээр санал өгөхийг зөвшөөрснөөр олон газар будлиан үүссэн. Гурван шатны шүүхээр СЕХ-ны даргын буруу байсныг тогтоосон ч тэр хүн одоо болтол хариуцлага хүлээгээгүй. Харин ч өндөр албан тушаал хашаад явж байна. Иймэрхүү байдлаар хууль тогтоох дээд байгууллагыг хууль бусаар байгуулах гэсэн оролдлого гаргасан нөхцөлд хариуцлага тооцох учиртай” гэлээ.
Байнгын хорооны дарга Д.Одбаяр “Санаачлагчид нь зөвшөөрвөл анхны хэлэлцүүлгийн үеэр хоёр төслийг нэгтгээд шууд санал хурааж болно. Та хоёр зөвшөөрөх үү” хэмээн асууж, нөгөөдүүл нь нэгтгэхийг дэмжив. Ингээд гишүүд найруулгын тал дээр саналаа хэлэлцэв. Эцэст нь Р.Гончигдоржийн саналаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол 5-10 жилийн ял онооно” гэсэн томъёоллоор санал хураав. Мөн гэмт хэрэгт оролцохыг завдсан ч энэ тухайгаа холбогдох газарт нь мэдэгдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг дэмжлээ.
С.ТУУЛ