Сонгуулийн хуулиар МАН мөн ч их бууж өгөв. 2007 онд С.Баяр сонгуулийн төгөлдөршил зарлаж, 2008 оны сонгуулийг пропорционалиар явуулах санаачилга дэвшүүлж байлаа. АН-ын дарга Ц.Элбэгдорж түүнийг нь дэмжих сэтгэл гаргаагүй юм. Одоо хэлэлцэж байгаа төслийн тогтолцооны анхны хувилбарыг МАН мажоритар зонхилсон 52:24, АН пропорциональ голлосон 50:26 гэж анх мөчөөрхөлцөж эхэлсэн. Яван явсаар мажоритар давамгайлсан 48:28 дээр буугаад байна. Энэ хүртэл их хугацаа алдсан юм. Сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулахад дээрх эд л саад болж байсан мэтээр АН тайлбарлаж ирсэн ч 99 хувийн зөвшилцлийн ард гарсан хойноо “шилжих” гэдэг юмыг шинээр гаргаж тавив.
Монголчуудад их л сонин, ойлгомжгүй, учрыг ойлгоод ирэхээр уур хүрмээр байгаа тухай олон хүн ярьж байна. Илэрхий унасан бөхийг туг тойруулаад гүйлгэвэл наадамчид гарт юу таарснаараа түүнийг, засуулыг нь балбана даа. Шилжих гээч зүйлийг манайхны ухаанаар тайлбал ийм л дүр зураг харагдана. Олон улсын сонгуулийн тогтолцоонд байдаг л нэг хувилбар ч Монголоос хэдэн арав, зуу, мянга дахин олон сонгогчтой орнуудад хэрэглэдэг арга юм билээ. МАН энэ тал дээр бас л буулт хийв. Гэхдээ арай ч шавхайд шидүүлсэн бөхийг давуулахыг зөвшөөрч түвдээгүй билээ. АН-ын зүгээс тавьсан саналаар бол мажоритарын 26 тойрогт унасан (гэхдээ 25-аас доошгүй хувийн санал авсан гэж ярьдаг) нэр дэвшигч пропорционалийн 28 руу гулсаж УИХын гишүүн болох тухай яриад байгаа. “Ул” гэх нэг үгийн тухай бас ярих болов. Түүнийгээ тухайн тойрогт хамгийн бага санал авсан нь хамаагүй, нэр дэвшигчид нь өгсөн л бол тэр санал бүрийг намд өгснөөр тооцно гэнэ.
Шилжих саналын тухай хоёр нам өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа. Үнэхээр тэр гулсдаг, шилждэг юмыг авах шаардлагатай гэвэл МАН-ын бүлгийн санал арай эрүүл сонсогдоод байгаа юм. За яах вэ, 26 тойрогт ялагдсан нөхдөө 28 руугаа оруулъя. Гэхдээ дор хаяж 40-45 хувийн санал авч ялагдсан хүмүүсийнхээ “урмыг” бодъё гэж байгаа юм байна. Ер нь бол шилжих гэдэг энэ зүйл сонгодог тогтолцоо биш юм. Мажоритар давамгайлсан холимог тогтолцоог сонгохоор тохирсон л юм бол цэвэр түүгээр нь сонгуулиа явуулах хэрэгтэй. Гулсана, шилжинэ энэ тэр гэхгүйгээр 26 тойрогтоо 100 хувь мажоритараар, намын нэрээр авах 28 суудлаа ориг пропорционалиар нь тооцох хэрэгтэй. Тэгвэл намууддаа ч, сонгогчиддоо ч маш ойлгомжтой. Тэгээд ч сонгуулийн дараа маргаан харьцангуй бага гарах болно. Намуудад тавих босгын асуудлаар тохиролцоонд хүрээгүй л байна.
Өчигдөр авсан мэдээллээр АН-ынхан 3-4, МАН-ынхан болохоор 5-6 хувийн босго дээр тогтъё гэсэн байр сууриа хадгалсан хэвээр байв. Хэтэрхий бага тогтоохоор олон нам УИХ-д орж ирээд Парламентын засаглалын нэр хүндийг гутаах, улмаар сарниулах үйл ажиллагаанд шилжинэ гэдгийг дахин сануулахад буруудахгүй болов уу. Таван хувь дээр тогтсон тохиолдолд 3-4 нам, эвсэл л босгыг давах магадлалтай. Шилжих эсэх, түүнд тогтоох хувь, намуудад тавих босгын асуудлаар бүлгүүд тохиролцоонд хүрэх найдлага одоогоор харагдахгүй байна. УИХын ээлжит сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Сонгуулийн тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн хуулийн заалт бий. Энэ хязгаарт хүрч очиход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар АН-ынхан сонгуулийг хуучнаар явуулахыг ихэд хүсэж байгаа бололтой. Тэгэх юм бол МАН, МАХН хоёр хоорондоо “алалцаж”, ар хударгаар нь бид олонх болох магадлалтай гэсэн уран зөгнөлийг АН-ын зарим лидер нь дэвшүүлээд байгаа гэнэ.
Го. ЭНХТӨР