Дүн өвлийн Улаанбаатараас нисээд хэдхэн цагийн дараа 30 хэмийн халуун газар хүрээд ирнэ гээд та төсөөл дөө. Бүгд найрамдах Индонез улсын Демпасар хот буюу аялал жуулчлалын алдартай нутаг Бали аралд хөл тавьсан минь энэ. Аялагч, амрагчдаар дүүрэн байдаг уг үзэсгэлэнт аралд өчигдөр Ази, Номхон далайн бүс нутгийн 82 орон, олон улсын байгууллагын төлөөлөл, удирдагчид цугласан юм. Ардчиллын төлөөх Балийн дөрөвдүгээр чуулга уулзалт Азийн орнуудын төр, засгийн тэргүүн нарыг энд дууджээ. Тэдний дотор манай улсын Ерөнхий сайд анх удаа оролцож буй онцгой зочдын нэг байлаа.
Монгол Улс энэхүү уулзалтад эхнээс нь Гадаад харилцааны сай дын төвшинд орол цож иржээ. Бүгд найрамдах Ин донез улсын Ерөнхийлөгч Сусило Банбанг Юдоёно манай Ерөнхий сайдыг онцлон урьж, 21 жилийн өмнө тайван замаар ардчилсан хувьсгал хийж, эдүгээ Азидаа тэргүүлэгч ардчилсан орон болсны хувьд туршлагаа хуваалцахыг хүссэн байна. Мөн манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж буй учраас Индонезийн Ерөнхийлөгчийн энэ урилгыг хүлээн авсан Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтын чухал хүн байлаа. Олон улсын Нуса Дуа төвд дээрх хурал 10.00 цагт эхлэв. Манайхаас гадна Бангладеш, Катар, Зүүн Тиморын Ерөнхий сайд, Туркийн Ерөнхий сайдын орлогч, Брунейн Султан, Филиппиний дэд Ерөнхийлөгч, Шри Ланкийн Ерөнхийлөгч энд хүрэлцэн ирсэн байлаа.
Энэ удаагийн хурлыг Бангладешийн Ерөнхий сайд хатагтай Шейх Хасина даргалав. Индонезийн Ерөнхийлөгч Сусило Банбанг Юдоёно чуулганыг нээж үг хэл лээ. Ардчиллын төлөөх Балийн чуулганыг 2008 онд анх удаа зохион байгуулж байжээ. Тэр үед 39 орны төлөөлөгч оролцож байсан бол дөрөв дэх жилдээ хүрээ улам тэлж, 82 орноос төлөөлөгч ирснийг тэрбээр онцоллоо. “Энэ жилийн чуулган төр, засгийн тэргүүн нарын төвшинд хүрчээ” хэмээн ач холбогдлыг нь дүгнэв. Бүгд найрамдах Индонез улс 1945 онд тусгаар тогтнолоо зарлажээ. XVII зуунаас хойш Нидерландын колоничлолд байсан тус улсыг 1942-1945 онд япончууд ч эрхшээлдээ байлгасан аж. Дотоодын үймээн бужигнаан гэх мэт явдал чирэгдэл байсаар 1999 онд анх удаа Парламентын чөлөөт сонгууль хийсэн байна. Ерөнхийлөгчийн засаглалтай, хууль тогтоох дээд, доод хоёр танхимтай улс юм. Хэдэн жилийн өмнө Бали аралд террорист халдлага болж байсан, 240 сая хүний 86 хувь нь лалын шашинтай аж. Зэвсэгт салан тусгаарлагчдын зөрчил энд их байжээ. Тэдэнтэй 2005 онд хэлэлцээ хийснээр тогтвортой нөхцөл бүрдсэн гэнэ. Тиймээс эрх чөлөөний үнэ цэнийг индонезчүүд яс махаараа мэдэрдэг. Энэ мэдрэмж нь богино хугацаанд дэлхийд ардчиллаараа дээ гүүр орох эрч хүч нэмсэн биз. Тус улсын Ерөнхий лөгч ардчиллал, эрх чөлөөний үнэ цэнийг хэлсэн үгэн дээ тухайлан онцолж байсан юм.
ЦУС, НУЛИМСААР ОЛЖ АВСАН АРДЧИЛАЛ
Бүс нутгийн хамтын ажиллагаанд түшиглэн Азийн орнуудын ардчиллыг дэмжих, түүнийг хөгжүүлэхэд олсон туршлага, амжилтаа хуваалцах нь чуулганы зорилго юм байна. Энэ удаа “Өөрчл өгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх-Ардчиллын дуу хоолойг дэмжих нь” сэдвийн хүрээнд оролцогчид санал бодлоо солилцож, нэр дурдсан орны Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар үг хэллээ. Мөн “Ардчиллын дуу хоолойг хүлээн авах төрийн чадвар”, “Иргэний нийгмийн оролцоог ардчилсан замаар хангах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Чуулганд оролцсон зарим орон ардчилсан тогтолцоог бий болгохын тулд ямар “үнэ” төлснөө ярив. Тухайлбал, Бангладешийн Ерөнхий сайд хатагтай Шейх Хасина “Үндэстний эцэг Бангабанду Шейх Мужибар Рахманы үеэс манай улсын ардчиллын төлөөх тэмцэл эхэлсэн.
Ард түмэндээ улс төр, эдийн засгийн эрх чөлөө олгохыг эцэг маань зорьсон юм. Түүний чармайлтаар Бангладеш улс 1971 онд тусгаар тогтносон. Харамсалтай нь 1975 онд гэр бүл, хамаатны маань 18 хүнийг хөнөөсөн. Тэр үед охин дүү бид хоёр хилийн чанадад байсан учир амь гарч чадсан” хэмээн дурсав. Тэр ардчиллын замаар улсаа хөгжүүлэх эцгийнхээ мөрөөдлийг үргэлжлүүлж, эх орондоо эргэн ирсний дараа улс төрд хөл тавьж, өнөөгийн албанд хүрчээ. Одоо тус улсад хүний эрхийг дээдэлж, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн байна. Манай улсын Ерөнхий сайд С.Батболд “1990 оны ардчилсан хувьсгал, 1992 оны ардчилсан Үндсэн хууль монголчуудын аж байдлыг боломж, эрх чөлөөгөөр хангасан.
Сүүлийн 20 жил хэрэгжүүлж ирсэн улс төр, эдийн засгийн хосолсон өөрчлөлтүүд үр дүнгээ өгч байна. Манай улсын ДНБ энэ жил 20, ирэх онд 25 хувь өсөх төлөвтэй. Эдийн засгийн хурдан өсөлттэй орнуудын нэг болохын хувьд олон улсад Мон голын байр суурь дээшилж байна” гэв. Азийн хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хугацаандаа манай улс ардчиллын боловсрол, бүс нутгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч буй. Тиймээс ч энэ уулзалтын зорилго биднийхтэй ижил гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн “Манай Засгийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэлийг санаачилж, нийгмийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж буй нь ил тод, хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдүүлж буй юм” гэлээ.
Бүс нутгийн ардчиллыг бэх жүүлэхийн төлөө хамтран ажиллаж чадна гэдгийг Балийн уулзалт харуулсныг тэрбээр онцлов. Индонез улс газрын тос, тугалга, байгалийн хий зэрэг баялагтай. Тиймээс уул уурхайн салбарын үүцээ задалсан манай улстай энэ чиглэлээр хамтрах сонирхол ч бий аж. Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчтэй үдээс хойш ганцаарчилсан уулзалт хийж, ирэх онд манай улсад айлчлахыг урьжээ. Катар, Япон, Зүүн Тиморын төр засгийн тэргүүнүүдтэй дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Манай орон уул уурхайн баялгаа “эргэлдүүлж” эхэлснээр дэлхийн улс орнуудын анхааралд ороод буй нь Балийн чуулга уулзалтын үеэр илт байв. Олон орны төлөөлөгчийн уулзах хүсэлтэд манай Ерөнхий сайд “дарагдсан” нь үүнийг гэрчилнэ. Ардчиллын төлөөх Балийн дөрөвдүгээр чуулга уулзалтаас ирэх онд энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг хэрхэн хангах талаар тусгасан ”Даргын мэдэгдэл” гаргаснаар арга хэмжээ өндөрлөлөө.
С.ТУУЛ