Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейт Улсад хийж байгаа албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд, хатагтай Амани Буресли тэргүүтэй төлөө- лөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Кувейтийн хооронд Эдийн засаг, техник хамтын ажиллагааны хэлэлцээр 1995 онд, Давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр 1998 онд, Худалдааны хэлэлцээр 2007 онд байгуулсан хэдий ч одоогоор худалдаа эргэлтийн хэмжээ чамлалттай байгаа юм.
Өнөөгийн байдлаар жилийн худалдааны эргэлтийн хэмжээ 625 мянган доллар байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Кувейтийн хоорондын худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар Худалдаа, аж үйлдвэрийн сайд А.Буреслитэй санал солилцож, Кувейтийн тал Монголд өөрсдийн стандартыг хангасан хонины аж ахуй байгуулж, өөрсдийн технологиор мах бэлтгэвэл харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бийг онцлов. Худалдаа, аж үйлдвэрийн сайд А.Буресли Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг дэмжихийн сацуу Монгол, Кувейт улс хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах ирээдүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
Харилцан зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэх, Улаанбаатар-Эль Кувейтийн хооронд нислэг үйлдэх боломжийг судлах, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг тогтмолжуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо. Мөн 2007 онд байгуулсан Монгол Кувейтийн Худалдааны хэлэлцээрийн зарим заалтыг шинэчлэх талаар ярилцлаа.