Ерөнхий сайд С.Батболд тус чуулга уулзалтад оролцож буй Бруней Даруссаламын вант улсын султан Хассанал Болкиах Муиззадин Уаддаулахтай уулзалт хийлээ. Хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт хөгжүүлэх талаар уулзалтын үеэр хөндлөө . Ерөнхий сайд С.Батболд Брунейн талаас монголын оюутнуудад зориулан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлээд уул уурхай, газрын тосны чиглэлээр монгол оюутнуудыг тус улсын их дээд сургуулиудад илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн чуулга улзалтын үеэр Катарын Ерөнхий сайд Шейх Хамад Бин Хасемтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр эрчим хүч, ялангуяа газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Катарын Ерөнхий сайд дээр дурдсан чиглэлээр Катарын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах, зээл олгох зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч ойрын хугацаанд айлчлан хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар бодитой алхам хийхээ илэрхийлэв.