МАН-ын бүлэг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. АН-ын бүлэг уг хуулийн төслөөр маргалдах зүйл үлдээгүй хэмээсэн бол МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Босго тогтоох хувь хэмжээтэй холбоотой асуудлаар АН-тай санал зөрөлдөж байгаа болохоос биш бусад тээг арилсан. Босгыг 25-30 хувийн хооронд тогтооё гэсэн яриа бий. МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд зөвхөн босго дээр тээг тавьж, хууль батлах хугацааг хойш чангааж болохгүй” хэмээн мэдэгдлээ.
МАН-ын бүлгийн гишүүд хуралдааны үеэр Сонгуулийн хуулийн төслийг шуурхайлах шаардлагатай болоод байгаа учраас Ардчилсан намын бүлэгтэй босгын хувиа зөвшилцөөд, УИХын Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан баталъя хэмээн санал нэгдсэнийг Ө.Энхтүвшин өчигдөр хэвлэлийнхэнд уламжлав. Сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сонгуулийн тухай хуулийн төсөл дэх 48- аас 28 руу шилжихтэй холбоотой асуудал ойлгомжгүй байна. 48-д өрсөлдөөд ялагдсаныг 28-руу шилжүүлэх гээд байна уу, ерөөсөө 48-д өрсөлдөөд ялагдсан л бол шилжүүлэхгүй гэж үзээд байгаа юм уу?
-Хоёр намын бүлэг мажоритар, пропорционалийн холимог байх 48:28 гэсэн харьцаатай хувилбар дээр тохирсон. Одоо үүнтэй холбоотой ямар ч гацаа байхгүй. Гагцхүү намын нэрээр санал авахад хэдэн хүнийг хэрхэн жагсаах вэ гэдэг маргаан л дэгдсэн. Нэр дэвшигчдийг авсан саналаар нь эрэмбэлээд 48 дотроосоо 28 руу шилжүүлэх АН-ын бүлгийн саналыг МАН дэмжсэн. Гэхдээ манай бүлгийн гишүүд 28 руу шилжүүлэхдээ 100 хувь 48-аас оруулах биш, 28 дотроосоо ч оруулах хувилбарыг тогтоод байгаа юм. Босго хэд байх вэ гэдэг дээр яриа хэлцэл хийнэ. АН-тай ойлголцоно гэж итгэж байгаа.
-Намууд ямар шалгуураар нэр дэвшигчдийн жагсаал тыг гаргах юм бэ?
-Аль ч нам 76 нэр дэвшигчийн жагсаалт гаргана. Зарим намынх 76-даа хүрэхгүй ч байж болно. Тиймээс хуулийн төсөлд “76 хүртэлх нэр дэвшигчийн жагсаалт” гэж томъёолж байгаа. 48 нь олон мандаттай тойрогт өрсөлдөх нэр дэвшигчид. Үлдсэн 28 нэрсийн жагсаалтыг намууд өөрийнхөө Их хурлаар ч юм уу эрэмбэлээд 48-тайгаа нийлүүлж, 76 хүний нэгдсэн жагсаалт болгоод СЕХ-нд хүргүүлэх юм.