Сонгуулийн албан бус сурталчилгаа, улс төрчдийн пиар зудаар дамжуулан үргэлжилж байна. Улсын гарьд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бяр нь хариагүйг “илтгэсэн” зураг нийгмийн сүлжээгээр тарж, хэд хоног амны зугаа болов. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дээрх гишүүнийг “магтсан” хэрэг л дээ. “Завханы Тэс сумаас гараад, малчин айлд тэжээл хүргэхээр явж байлаа. Гэтэл тэжээл ачсан “Зил-131” машин маань огцом өгсүүр өөд хүч алдаад унтрав. Маниулдаад асаах гэтэл дийлдэг хүн байдаггүй. Тэгээд Ц.Цэрэнпунцаг гишүүн сэнсэртэл эргүүлж асаасан нь энэ юм. Бяр хөгширдөггүй л юм байна” хэмээн тэрбээр бичжээ. Засгийн газрын гишүүд сүүлийн хоёр долоо хоногийн турш зудтай аймгуудад “ажиллаж” байгаа. Хариуцсан асуудал, эрхэлсэн ажлынхаа хүрээнд Шадар сайд тэргүүтэй зарим хүн газар дээр нь ажиллахаас аргагүй байх, ойлгож байна. Бусдынх нь хэрэг уг нь тэнд үгүй. Гэвч улс төрчдийн хувьд ард түмэндээ хайр зарладаг сонгуулийн улирал эхэлсэн тул боломжийг алдахыг хүссэнгүй. Бүх сайдаас гадна тухайн аймгаас сонгогдсон, удахгүй тэнд өрсөлдөх УИХ-ын гишүүд ч газар дээр нь “ажиллаж” буй нь энэ. Тэд цас хүрздэж зам гаргахгүй, туйлдсан малын аманд өвс, тэжээл хийхгүй. Ер нь хуруу биш, хошуу дүрэхээр яваа улс. Дээрх гишүүн ч ийм л зорилгоор сайд нартай зам нийлсэн нь мэдээж. Харин ч түүнд хуруу нэмэх боломж гарч, хүч бяраа харуулаад авсан байна.
МАЛЧИД БИШ, УЛС ТӨРЧИД НЬ ГОЛ ДҮР
Телевизийн дэлгэцээр, мэдээний цагаар голдуу л сайд нарын дүр төрхийг олж харсаар хэдэн өдөр улирч байна. Газар дээр нь ажиллаж буйгаа дөвийлгөж харагдуулахын тулд сэтгүүлчид дагуулж явдаг нь хэвийн үзэгдэл болсон. Сангийн сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, гишүүд гээд л “сэтгэлийн дэм” хайрлагчдын дүрс хөвөрч байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдсон аймаг болох Баянхонгортоо ажиллаж, аймгийн Онцгой комисст 875 тонн тэжээлийн буудай, 20 тонн хорголжин тэжээл, 12 000 боодол өвс, 45 тонн гурил, таван тонн элсэн чихэр хүлээлгэж өгчээ. Яг л өөрөөсөө өгч буй мэт гол дүр болж харагдав. Гэвч улсын төсвийн хөрөнгөөр л үүнийг шийдсэн. Хоёр сонгууль дараалан үнэмлэхүй олонх болж, төрийн бүх эрх мэдлийг найман жилийн турш атгаж буй намын хувьд төсвөөс зарцуулах, төрийн албан хаагчдыг дайчлахаас эхлээд бүх давуу тал тэдэнд бий. Хагас шуудай тэжээл аваачлаа гэх мэтээр шүүмжлүүлсэн МАН-ынхан тусламжийн хэмжээгээ нэмж, алдаан дээрээсээ суралцаж эхэлсэн байх нь. Уг нь энэ хүн бол хууль тогтоох засаглалын тэргүүн. Амьдралд ойр, зөв хууль батлах, түүнийгээ сурталчлах, хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. Гэвч зудаар дамжуулсан сонгуулийн сурталчилгаа хийж буй учраас тэнд малчид биш, улс төрчид гол дүр болох нь мэдээж.
Бас болоогүй ээ, тэд ганц хоёр шуудай өвс тэжээл дөхүүлэнгээ шагнал гардуулж, “сэтгэлийн дэм” өгч яваа сурагтай. Мөн аль болох нөхцөл байдал илүү хүнд газарт очихын тулд хоорондоо байршлаа булаацалдаж байгаа гэнэ. Тэнд хүрвэл илүү оноо авах аж. Гэхдээ одоо сонгогчдын олонх нь хэрсүү болсон. Улс төрчид өөрсдийг нь гэсэндээ тэнд очоогүй, сонгуулийн сурталчилгаа, пиараа хийж буйг нь эрхбиш ойлгоно. Нийгмийн сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлэгчдийн олонх нь “Сонгуулийн шоу л байна” гэсэн хандлагатай байгаа юм. Тэдний уг шоугаар бахархах биш, ичиж, жигших болсон. Харамсалтай нь, орон нутагт голдуу “өрөвчхөн тэнэг” сонгогчид байсаар. “Хэцүү цагт ирж, сэтгэлийн дэм өгсөн юм, хөөрхий” гээд тэд “жүжигчдээ” дахин сонгох нь энүүхэнд. Тэрийг нь мэддэг учраас л суурин газрын, нийгмийн сүлжээ түлхүү хэрэглэдэг хүмүүсийн шүүмжлэл улс төрчдөд хүртээлгүй байгаа юм. Хийж буй алхам нь байгаа оноод байхад аргагүй. Бас ийм шалтгаанаар эрх барьж буйгаа ашиглан сайн малчин, тариаланчдын шагнал гардуулахаас эхлээд орон нутгийг энэ нам илүү тойглодог. Учир нь “тархиа угаалгадаг” сонгогчдынхоо ачаар тэд орон нутгаас түлхүү санал авдаг билээ. Сонгууль бүрээр л улс төрчид иймэрхүү шоу хийдэг. Хүүхдүүдтэй хамт тэвэг тоглож, нялхсыг нь өвөр дээрээ суулган эрхлүүлж, бүр хашааных нь хогийг шүүрдэж, морь унан мал хариулж, дуу дуулж, юу эсийг хийдэг билээ. Сар шинийн баяраар хэдэн ч улс төрч дуулж, бүжиглэв. Бас зарим нь ярилцлага хөтөлж, сэтгүүлч хийх гэж оролдож байна. Сонгууль угтсан энэхүү реалити шоу цаашид ч үргэлжилнэ. Сэтгэл зүйгээ бэлдээд хүлээж л байя даа.
ХАРИУЦЛАГАГҮЙН ЗУД
Зөвхөн МАН-ынхан л орон нутагт ажиллаад буй юм биш. Сөрөг хүчнийхэн ч, бусад намаас ч хандивын аян зарлаж, мөн зудтай газруудад ажиллаж, малчдын санал хүсэлтийг сонсож буй. Ардчилсан намынхан “4-11” мэдээллийн цагаараа шатахуун, дизелийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бэлтгэсэн мах, түүхий эдийн борлуулалтыг бодлогоор дэмжиж өгөх хүсэлтийг малчид тавьсныг дамжуулсан. Малчид үнэндээ гоншигноогүй, тэд хувийн малаа маллаж буй учир хариуцлагаа өөрсдөө хүлээх ёстойг ухамсарлаж байгаа. Үүнийг зудад малаа алдсан айлуудын нөхцөл байдлыг харуулсан сурвалжилгуудаас харж болно. Тэдний өмнөөс улс төрчид л санаа зовсон дүр эсгэж, далимдуулан өөрсдийгөө сурталчилж буй нь нууц биш. Ямар ч нэмэргүй атал баахан улс төрч л орон нутагт “хөглөрч” байна хэмээн сөрөг хүчний зүгээс мэдэгдсэн. Мөн тэд хөдөө аж ахуйн салбарт бодлогын өөрчлөлт хийж, зуд, байгалийн гамшигт бэлэн байхад анхаарахыг сануулж буй юм.
АН-ын тугтай, өвс ачсан хоёр том машины зураг бас нийгмийн сүлжээгээр цацагдаж, “Зудаар далимдуулан улс төр хийлээ” хэмээн шүүмжлүүлж байна. Үнэн, эрх баригч, сөрөг хүчин аль аль нь л зудаар далимдуулсан сурталчилгаа хийж буй. АН-ын зүгээс энэ талаар албан ёсоор залруулга хийж, “Тэр бол өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Төв аймгийн намын хорооны гишүүдийн хандиваар авсан өвсийг өвөлжилт хүндэрсэн сумуудад хүргэж явсан үеийн зураг бөгөөд бид Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй” гэсэн байна билээ. Илүүц тайлбар л даа. Намын гишүүдийнх нь хандив бол тугаа намируулаад очиход болохгүй юмгүй. Эрх баригчдаас ялгаатай нь тэд төсвийн биш, гишүүдийнхээ халааснаас гаргасан мөнгөөр тусламж хүргэж яваа шүү дээ. Тэд бол сөрөг хүчин, эрх мэдэл бүхий албан тушаал үгүй, “гудамжинд” байгаа намынхан. Тиймээс өөрийнхөө мөнгөөр босгосон хандивыг хүргэхэд өөрсдөө гол дүр байхад дургүйцэх юун. Харин төсвийн мөнгөөр авсан өвс, тэжээлийг өөрөө өгч буй мэт дамжуулах нь ёс зүйгүй үйлдэл. Гэвч Сонгуулийн тухай хуульд энэ мэт үйлдлийг хориглосонгүй. Сурталчилгаа албан ёсоор эхэлтэл ийнхүү албан бус пиар хийх боломжтой учир улс төрчид хуулийн цоорхойг ашиглаж байна.
Нөгөө талаар яагаад зуд болов гэсэн асуулт гарна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс гадна хариуцлагагүй албан тушаалтнуудын буруу үүнд нөлөөлсөн байж болзошгүй нь. Зуд болж магадгүй гэдгийг сөрөг хүчний зүгээс арваннэгдүгээр сараас эхлэн сануулж, арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэхийг хүссэн. Чуулганы хуралдаанд энэ талаар хэд хэдэн удаа үг хэлсэн, гэвч тоогоогүй хэмээн тэд ярина лээ. Тэгснээ хоёр долоо хоногийн өмнөөс л Засгийн газар гэнэт сэхээрч, сайд нараа тал тал тийш илгээж буйг АН-ынхан “Мал үхээд дуусах үед л сонгууль дөхсөнийг санаж, улс төрийн арга хэмжээ авч байна” хэмээн шүүмжилсэн юм. Тэгвэл арав, арваннэгдүгээр сараас эхлэн өвс, тэжээлээ зөөх гэсэн малчдын дунд дизелийн түлшний хомсдол үүссэн тухай эдүгээ дэлгэж эхлэв. Арчаагүйгээр нь дуудаж зэмлэхээс өмнө малчдад бас асуудал байсныг сонсох хэрэгтэй болж байна. Өнгөрсөн аравдугаар сард цас орж, шуурсан, нэмээд дизелийн түлш тасарсан учраас нүүдлээ хийж чадаагүйгээс эхлээд асуудал бий гэнэ. Зуд болдог. Үүнд бэлэн байх нь салбар хариуцсан төрийн байгууллага, сайд нарын үүрэг. Ерөнхий сайд цөөнгүй хоног газар дээр нь ажиллалаа. Байдлыг ингэтэл хүндрүүлэхгүйн тулд шатахуун, дизелийн хангамжийг нэмэгдүүлэхээс эхлээд бодлогын зохицуулалт хийх ёстой байсан албан тушаалтнуудад одоо хариуцлага тооцох ёстой. Төсвийн мөнгөөр том машинаа шатахуунаар дүүргэж, малаа алдан зутарч буй айлуудад очоод, байгаа хүнсээр нь дайлуулж явахын оронд тус тусын ажлын өрөөндөө сууж, бодлого, зохицуулалтаа хийх учиртай.
Мөн хүч алдаад унтарч байгаа “Зил-131” машиныг асааж буй УИХ-ын гишүүнийг онцлохын оронд зэвсэгт хүчний машин, техникийг сайжруулах, шинэчлэхэд анхаармаар санагдана. Туулах чадвар сайтай, орчин үеийн машин, тоног төхөөрөмжөөр энэ салбарыг хангавал ядаж цасанд хашигдсан айлуудад өвс тэжээл саадгүй дөхүүлж, малчдад эрүүл мэндийн тусламж цаг алдалгүй үзүүлэхэд дөхөм. Батлан хамгаалахын сайд нь ч хөдөө “сэлгүүцэх” биш, энэ мэт шинэчлэлдээ анхаарч, шаардлага тавивал илүү дээр харагдана. Хариуцлага алдсан албан тушаалтнууддаа арга хэмжээ авч, байгалийн гамшгийн өмнө бэлэн байдлаа хангахад анхаарвал зудаар дамжуулан хийсэн бодит ажил болж, танай намын оноо нэмэгдэх биш үү. Харин одоогийн янзаар үргэлжлүүлээд хол явахгүй. Өмнөөс чинь сонгогчид ичээд байна шүү дээ.