Эрүүл мэндийн сайд С.Чинзориг элэгний D вирустэй иргэдийг дотооддоо бус, хойд хөршийн Буриадад эмчлүүлнэ гэв. Уг нь иргэдээ эх оронд нь зардал чирэгдэл багатайгаар эмчилж, илаарьшуулах нь аль ч орны төрийн бодлого, ялангуяа салбарын яам, сайдын ажлын цөм нь байх ёстой. Цаашлаад өвчлөлийг бууруулах замаар эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг хөнгөлөх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх учиртай. Гэтэл манай улсын Эрүүл мэндийн сайд дандаа л иргэдээ гадаад руу эмчилгээнд явуулна гэж яриад, Засгийн газар, парламент ч саналыг нь дэмжээд байх юм. Дарга нар хувийнхаа мөнгөөр хүмүүсийг гадаадад эмчлүүлэх бол бидэнд хамаагүй. Гэтэл тэд татвар төлөгчид бидний мөнгийг гадаад руу урсгачхаад, халааснаасаа гаргасан мэт авирлаад байх юм.
ГАЙ ТАРЬСАН НЭГ ЖИЛ
С.Чинзориг эрүүл мэндийн салбарыг удирдахаар намынхаа даалгавраар “ирээд” нэг жил гаруйн хугацааг үдээд байна. Тэрбээр Өвөрхангай аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдож, нийгмийн хамгааллын салбарт дэд сайдаар найм, сайдаар дөрвөн жил ажилласан. Нийгмийн хамгаалын салбарыг ийнхүү “өмчилж” авах шахтлаа удаан ажилласан хэрнээ дурсагдахаар гавьяа байгуулаагүй, дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийгээгүй. Тиймээс түүнийг эрүүл мэндийн салбарыг өөд татна гэж найдах хүн тийм ч олон байгаагүй байх. Гэтэл тэрбээр гай тарилгүйгээр, чимээгүйхэн шиг сууж байгаад л буцчихгүй бололтой. Харин үе үе гэнэт “гарч ирээд”, салбараа хорлох арга хэмжээнүүдийг санаачлаад байгаагийн нэг нь Буриадын эмнэлгүүдийг дэмжих бодлого.
Тэрбээр элэгний D вирустэй иргэдийг тус улсад эмчлүүлэхээ өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн. Ингэхдээ эмчилгээнийх нь зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс буюу улсын төсвөөс гаргах талаар дурдсан билээ. Түүний энэ хачирхалтай мэдэгдлийг иргэдээ бодсон шийдвэр гэхээсээ илүү хойд хөршийн хөгжил буурай улсын эмнэлгүүдийг дэмжих арга гэж ойлгоход хүрэв. Нөгөө талаар иргэдээ эмчлүүлэх нэрээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, шамшигдуулж болзошгүй гэж бид хардах эрхтэй.
ДОТООДЫН ЭМНЭЛГҮҮДЭЭ ДООШ НЬ ТАТАХ УУ
Татвар төлөгчдийн мөнгийг гадаад руу урсгах санаачилгыг С.Чинзориг өмнө нь ч гаргаж, УИХ, Засгийн газраар дэмжүүлж чадсан билээ. Эргэн сануулахад, сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, улмаар УИХ-аар амжилттай батлуулсан. Ингэснээр Засгийн газрын тусгай сангуудын нэг Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-гийн үйл ажиллагааны цар хүрээг тэлсэн юм. Үүний дүнд гадаадад эмчлүүлсэн хүмүүсийн эмчилгээний зардлын 20, хүүхэд бол 50 хувийг нь ЭМДС-гаас буцаан олгохоор шийдвэрлээд байна. Тус сангийн хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлдгийг санах хэрэгтэй.
Сайд С.Чинзориг эл санаачилгаа өвчилж зовсон хүмүүсийг анагаах арга “нээсэн” мэтээр олон нийтэд ойлгуулахыг оролдож байгаа. Гэхдээ бодит нөхцөл байдал түүний “сурталчилгаа”-наас огт өөр. Тодруулбал, ЭМДС-гийн хөрөнгөөс хэн нэгэнд дэмжлэг үзүүлэхийг шийдэх эрх Эрүүл мэндийн сайдын гарт байдаг. Энэ талаас нь харвал тус сангийн хөрөнгөөр тэрбээр үнэхээр зорилтот бүлгийн иргэдийг дэмжиж чадах уу гэдэг асуулт тулгарна. Эсвэл иргэдэд нэн тулгамдсан, эмзэг асуудлыг далимдуулан нууц “бизнес” цэцэглүүлж ч болзошгүй. Учир нь ЭМДС-гийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт үргэлж нууц байдаг учраас хэн ямар хулгай хийхийг бид таашгүй. Эл санг эгэл жирийн иргэд бус, харин эрх мэдэлтнүүд ашиглаж, гадаадад эмчлүүлэх арга хэрэгслээ болгочхож ч чадна. Ийм “баялаг туршлага”-аар Боловсролын зээлийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих санг хоосруулсныг иргэд мартаагүй.
Уг нь манай эмч нар ур чадвар, мэдлэгээрээ хаана ч гологдохгүй гэдэг юм билээ. Тийм ч учраас томоохон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд шинэ техник, технологиудыг салбартаа тогтмол нэвтрүүлсээр ирлээ. Тэдэнд төр засгийн, ялангуяа салбарын яамны багахан дэмжлэг байхад л илүү хөгжиж, иргэд ч эрүүл мэндийн байгууллагаар хүндрэл чирэгдэлгүй үйлчлүүлэх нөөц бийг сайд өнгөрсөн хугацаанд ойлгоогүй гэж үү. Уг нь эмч нараа дэмжиж, дотооддоо хараахан эмчилж чадахгүй байгаа өвчнүүдийг анагаадаг болоход анхаарч, гадагшаа урсаад буй мөнгийг эх орондоо үлдээх ажлыг л Эрүүл мэндийн сайд хиймээр байх юм.
ХУУЛЬ ГАРДАЖ, ХУРАЛ НЭЭХЭЭС ӨӨР “ШИДГҮЙ”
Эрүүл мэндийн сайдын тамгыг хүлээн аваад удаагүй байхдаа буюу өнгөрсөн оны хоёрдугаар сард С.Чинзориг хавдартай хүүхдүүдэд одон гардуулж, түүнийгээ хэвлэлээр сурталчлуулж шоудсан түүхтэй. Салбарын сайд уг нь хавдартай хүүхдүүдийг эмчлэх, анагаах, түүнд тулгамдсан асуудлуудыг анхаарах ёстой атал тэрбээр төмөр зүүж өгөхийг илүүд үзэж буйг ойлгоход бэрх. Медаль гардуулах ажил нь бүр төгсрөөд, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэмдэг 4000 ширхгийг захиалан хийлгэсэн, улмаар сонгуулийн үеэр тараана гэх сураг ч сонсогдох болсон. Ийм хүмүүс удирдаад буй учраас л эрүүл мэндийн салбар өндийхгүй байгаа биз ээ.
Яг үүнтэй агаар нэг үйл ажиллагааг ЭМЯ-наас саяхан зохион байгуулсан нь Олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээ юм. Үргэлж завгүй хөдөлмөрлөдөг эмч нарыг хөдөө, хотоос олноор нь цуглуулж, нэгэн зааланд суулгаад, улс орон, тэр дундаа эрүүл мэндийн салбар хөгжил дэвшлийн манлайд хүрэх гэж байгаа тухай С.Чинзориг индэр дээрээс ичих ч үгүй хэлэх нь гунигтай байлаа. Түүний гоё үгний цаана хүнээ багтааж ядсан эмнэлгүүд, өвчин зовлондоо баригдсан ард түмэн, мөнгөгүйгээсээ болж эмчлүүлж чадахгүй байгаа өчнөөн олон хүн нуугдаж буй. Гэтэл салбарын сайд нь индэр дээрээс бүх зүйл сайн сайхан болж байгаа мэтээр ухуулж, батлаад удаагүй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен нараас гардан аваад зогсох жишээтэй. Хууль гардан авна гэсэн илүүдсэн арга хэмжээ зохион байгуулах нь иргэдэд, энэ салбарт ямар ч ахиц дэвшилгүй. Харин сайд, дарга нар өөрсдийгөө индрийн голд өргөмжилж, ирэх сонгуульд дахиад өрсөлдөх бэлтгэл ажлынх нь нэг хэсэг болж байна.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХ ЗАМАА ЗАСЛАА
УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сар гаруйхны хугацаа үлдлээ. Дөрвөн жил бараа сураггүй алга болсон гишүүд гарч ирээд ухаантай юм яриад эхэлж. С.Чинзориг ч дахиад л парламентад заларна хэмээн зүтгэхээр төлөвлөсөн нь дээр өгүүлсэн үг, үйлдлээс нь ойлгомжтой байна. Салбартаа тулгамдсан асуудлуудыг сууриар нь шийдэхийн оронд “гал унтраах” арга хэмжээ авч, улмаар түүнийгээ УИХ-д улиран сонгогдох арга хэрэгсэл болгохыг тэрбээр зорьж байгаа нь илт. Өвчиндөө шаналсан хүмүүсийг ашиглан сонгуульд өрсөлдөх замаа ч сайн засаж амжлаа.
Ер нь сонгууль дөхөхөөр эрүүл мэндийн салбар, иргэдийн өвчнөөр шоу хийгчид “үрждэг”-ийг бид харж байна. Сайдаас нь гадна УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ч эмч байсныхаа хувиар эл салбараар түрээ барин нэр хүнд олж авах ажилдаа хэдийн гарсныг бид өмнө нь хөндсөн. Улмаар тэд эл салбарыг булаацалдан, толхилцохдоо хүрэв. Эрүүл мэндийн салбарыг дээш нь өндийлгөж чадаагүй атлаа гишүүний суудалд дахин залрахаар санаархаж буй нь ичмээр. Угаасаа өвчтэй иргэд хандиваар эмчлүүлж байгаа эл салбарыг аль болох удаан хугацаанд “сэхээ”-нд байлгаж, улмаар асуудлуудыг нь бага багаар шийдэж буй мэт дүр эсгэх замаар нэр хүндээ өсгөх санаархал улс төрчдөд байдаг юм биш үү ч гэж хардмаар.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ БУЛААЦАЛДАХ ШАЛТГААН
“С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангасан үг хэллээ шүү. Хэлсэн үгэндээ анализ хийж үзээрэй. Үндсэн хуулийн 20.1-т “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан”. УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 21-ний хуралдааны үеэр дарга Г.Занданшатар ийнхүү хэлсэн юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ингэж “загнуулах” болсон нь Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой байлаа.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн санаачилснаас болж маргаан үүсжээ. “Ер нь хууль санаачлах, боловсруулах ажлаа Засгийн газар, бодлогын яам нь хариуцах ёстой” гэж С.Чинзориг хэлсэн байна. Гэтэл Ж.Чинбүрэн нь “Хэн ч хууль санаачлах эрхтэй” гэж цээжээ дэлджээ. Эрх баригчид УИХ, Засгийн газрынхаа чиг үүргийг ялгахгүй болтлоо улайрчээ. Ийм байдлыг харахаар эрүүл мэндийн салбар манайд иргэдийн төлөө биш, эрх мэдэлд шунасан хэн нэгний төлөө л оршин тогтнодог болчихсон байна. Сайдынх нь суудлыг хэнд ч хамаагүй албан тушаалын бэлэг болгон өгдөг. Бас сонгууль дөхсөн, нэр хүнд олж авах шаардлага “хоолойд тулсан” үед улс төрчид хамгийн эмзэг эл салбарыг нэрэндээ “наахаар” өрсөлдөцгөөж байгаа нь гутамшигтай. Ийм хүмүүсийг эрүүл мэндийн салбар, парламентаас хол байлгах ёстойг эрхэм уншигчид тунгаан бодно биз ээ.
Бэлтгэсэн М.Оч