АН-ын хэсэг гишүүн намын дарга О.Цогтгэрэлд С.Баярцогтыг ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг эсэргүүцсэн шаардлага хүргүүлсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт баасан гарагт мэдээлэл хийв. Тэрбээр “Би найман удаагийн сонгуульд орж, тавд нь ялалт байгуулсан. Үүний хоёрт нь АН олонх болж байлаа. Намайг нам удирдвал сонгуульд ялагдана гэж буй хүмүүсийн тухайд зөвхөн тэдний хүсэл, хийсвэр бодол юм. АН-ын гишүүд өөр өөрсдийн үзэл бодолтой. Манай намын 230 мянган гишүүнээс 10 хүрэхгүй хүн л намайг эсэргүүцэж байгаа. Эцсийн шийдвэрийг Үндэсний бодлогын хороо гаргана. Тус хороо 378 гишүүнтэй, тэдний олонхын саналаар шийднэ. Хэрэв намайг ерөнхий нарийн бичгийн даргаар томилвол цаашид хэрхэн ажиллах тухайгаа тэр үед нь танилцуулъя” гэлээ. Тус намын ҮБХ-ны 378 гишүүн дөрвөн том, хоёр жижиг фракцад хуваагдсан хэмээн тэрбээр хэлсэн юм. Үүнээс дөрвөн том фракц нь С.Баярцогтыг дэмжиж буй аж. Мөн ҮБХ нь энэ сарын 6-нд хуралдахаар тов гараад буй.
Үүнээс гадна түүнийг Оюутолгойн гэрээтэй холбон буруутгадаг, шүүмжилдэг хүн цөөнгүй. Энэ талаар тэрбээр “Оюутолгойн асуудлаар намайг холбогдуулж байсан. Өнгөрсөн жилийн сонсгол дээр яг юу болсныг сонссон байх. Бид хангалттай сайн гэрээ хийсэн. Дараагийн Засгийн газруудад сайжруулсан, мөн муутгасан зүйлүүд бий. Тиймээс тэд харуицлага хүлээх ёстой. Уг гэрээ бол С.Баяр, С.Баярцогтын хувийн биш, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хийсэн гэрээ. Иймээс үе үеийн Засгийн газар л хариуцан ажиллана. Мөн Монгол Улс биш, “Оюутолгой” компани зээл авсан. Анх зээлийн хүү 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний үнийн индекс нэмэгддэг байсан бол бид үүнийг жилийн дотор 6.5 хувь болгож бууруулсан. Учир нь энэ нь хэт өндөр хүү байсан. Нөхцөл байдал сайжирч байгаа тул бууруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн цаашид зээлийн хүүг долоон жил тутамд дахин хэлэлцэх санал гаргасан. Одоо бид энэ өөрчлөх боломжоо ашиглах ёстой” гэсэн юм.