Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чингис хааны илгээсэн монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг 2004 оны тавдугаар сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлснээс хойш Үндэсний бичиг үсгийн баярыг 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үндэсний номын сангийн үнэт ховор номын музейд “Судар бичгийн мэргэд” үзэсгэлэнг өчигдөр дэлгэлээ. Шинжлэх ухааны академи болон Үндэсний номын сангийн эх үүсгэл болсон Судар бичгийн хүрээлэнгийн 105 жилийн ой өнөө жил тохиож буй юм. Түүхт ойдоо зориулан тус номын сангаас үндэсний оюун санааны өв, уг сурвалжид холбогдох цуврал үзэсгэлэнг гаргахаар төлөвлөсний эхнийх нь энэхүү “Судар бичгийн мэргэд” үзэсгэлэн болж байна. Хувийн архиваасаа 2000 ном хандивлан, фондыг нь бүрдүүлж асан Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамьян гүн бол Монголд орчин цагийн номын сан байгуулагдахад түүхэн гавьяа байгуулсан нэгэн бөгөөд тус үзэсгэлэнд дээрх ховор нандин бүтээлүүдээс дэлгэжээ.
Түүнчлэн Үндэсний номын сангийн тулгын чулууг анх тавилцсан эрхмүүд болох Судар бичгийн хүрээлэнгийн анхны жинхэнэ гишүүд буюу эрдэмтэн нарийн бичгийн дарга Шарайд Жамсраны Цэвээн, Шадар билигт Бат-Очир, Хурц бичээч Дашням гүн болон Европод анх 35 монгол оюутныг суралцуулахаар авч явсан Эрдэнэбатхаан сайд, сул гишүүн Шагж гэвш, хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга болсон сул гишүүн Амар сайд, хүндэт гишүүн Сэцэн чин ван Наянт, сурвалжлагч гишүүн Эрдэнэ жонон ван Ширнэндамдин нарын хөрөг зураг, тэдэнд холбогдох судар ном, сурвалж бичиг, албан захидал, гар бичмэл, баримт сэлтийг дэлгэн толилуулж буй.
Л.НЯМ