“Чингис хаан” нисэх буудалд буусан нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэн, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэг үйлдсэн хятад иргэд, тэдэнтэй хамтарсан манай улсын харьяат хоёр хүний болон хохирогчийн аавынх нь гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцээд хоёр монгол залууг хүний амь бүрэлгэсэн үйлдэлд буруугүй гэж дүгнэлээ. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарт хаалттай хорих байгууллагад 25 жил хорих ял шийтгэсэн юм. Тэдэнтэй хамтарсан манай улсын иргэд болох А.Даянтөмөрийг 18 жил гурван сар, А.Тэнгисийг 17 жил гурван сарын хугацаагаар хорих ял нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Дээрх дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт эхлэх үед шүүгдэгчдийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүгч Л.Галбадар, Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нар хүлээн авснаар тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас хуяглан тус шүүхэд хүргэх хүртэл түр хойшлуулав. Шүүгдэгчдийг үдээс хойш авчрахтай зэрэгцээд шүүгдэгч Даянтөмөрийн аав Ц.Арсландорж, Тэнгисийн ар гэрийнхэн хуралд ирж оролцсон юм.
Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг хятад иргэний амийг бүрэлгэхэд оролцоогүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн дагуу оноосон 12 жил хорих ялыг хэрэгсэхгүй болгов. Харин хүн барьцаалсан хэрэгт оноосон 5-6 жил хорих, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд оноосон зорчих эрх хасах ял шийтгэлийг эдлүүлэхээр шийдвэрлэв. БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарыг хүний амь бүрэлгэсэн, барьцаалсан, эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
Мөн хохирогч өмнөд хөршийн иргэний хууль ёсны төлөөлөгч буюу аавд нь сэтгэцэд учирсан хохиролд тооцож, хэрэг гарах үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 99 сая төгрөг Лиү Бөүвин, Шүй Ханмин нараас тэнцүү гаргуулж олгуулахаар болсон юм. Түүнчлэн эд мөрийн баримтаар хураасан гар утсууд, зөөврийн компьютер зэргийг хохирогч, шүүгдэгч нарт буцаан олгох шийдвэр шүүх бүрэлдэхүүн гаргасан. Дээрх дөрвөн хүн Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын нисэх онгоцоор 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн БНХАУ-ын иргэдийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буумагц барьцаалж, нэгийг нь буудаж хөнөөсөн хэрэгт холбогдсон билээ.